“МАН хууль баталж,2.6 их наядаар банкны хувьцааг авах гэж байна”

УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар  Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураах өдрийг товлон зарлав. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийг  зургадугаар сарын 9-нд явуулахаар тогтлоо. Түүнчлэн сонгуулийн санал хураалтыг  “New Image Cast” төхөөрөмжөөр явуулах бөгөөд Сонгинохайрхан дүүрэгт болох УИХ-ын нөхөн сонгуулийг Ерөнхийлөгчийн сонгуультай нэг өдөр явуулахаар болж байна.
Мөн чуулганы эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар  I төрөх эмнэлэгт нярайлсан эхийг Халдварт өвчин судлалын үндэсний төв рүү шилжүүлэхдээ хүнлэг бус хандлага гаргасанд УИХ-ын нэрийн өмнөөс уучлал гуйж, байр сууриа илэрхийлсэн юм. Тэрээр “Улсын онцгой комисст шаардлага тавьж, ярьсан. Шадар сайд Я.Содбаатар холбогдох албан тушаалтнуудад хариуцлага тооцох үүрэг чиглэл өгч ажиллаж байгаагаа мэдэгдсэн. Энэ хүнд цаг үед ч төрийн бүх шатанд хүнээ дээдэлсэн, хүнлэг үйлчилгээний шинэ стандартыг хэвшүүлэх болсон нь энэ жишээ харуулж байна” гэлээ. Мөн энэ асуудлаар Эмэгтэй гишүүдийн бүлгээс шаардлага хүргүүлсэн юм. Түүнчлэн зарим гишүүн байр сууриа илэрхийллээ.  УИХ-ын гишүүн Т.Доржханд  Улсын онцгой комиссын хариуцлагын талаар хөндөх зайлшгүй шаардлага үүсээд байгааг хэлсэн юм.
Төв талбайд хүмүүс цуглаж, эсэргүүцэл илэрхийлж байгаа үед ийм асуудлыг хэлэлцэх нь зохисгүй байна гэсэн юм. Мөн тэрээр УОК-ын дарга, Шадар сайдыг огцруулахыг шаардаж албан бичиг хүргүүлэх талаараа ярих гэсэн боловч УИХ-ын дарга түүний микрофоныг хаалаа. Учир нь хэлэлцэж буй асуудалтай холбоогүй хэмээн үзэж байгаагаа ч мөн илэрхийлэв.
Үргэлжлүүлэн Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Энэ үеэр  УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж хуулийн төсөлд орсон зарим зүйл, заалтыг шүүмжилсэн юм. Тэрээр “МАН олонх болоод хуулийн төслийг дангаараа баталдаг боллоо. МАН COVID-19 нэрээр өнгөрсөн тавдугаар сард 5.1 их наяд төгрөгийг сонгуульдаа зарцуулсан. Үүнийхээ 2.6 их наядыг нь гудсан доороо хийгээд хууль баталж, банкны хувьцааг авах заалтыг 4.2 дахь заалтад оруулсан байна” гэсэн юм.
Уг хуралдаанаар Хөдөлмөрийн тухай хуулийн төслийг хэлэлцэх байсан ч УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Ганбат дахин гурав хоногийн завсарлага хүслээ. Завсарлага хүссэн үндэслэлдээ “Хөдөлмөрийн хуулийн шинэчилсэн найруулгыг сайн хэлэлцэж, нягтлахгүй бол ажил олгогч болон ажилтан, албан хаагчийн хөдөлмөрлөх эрхэнд халдсан засах шаардлагатай заалт байна” гэж тайлбарласан юм.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ”  сонин Т.САЙХАН

SHARE