МАН-ынхан нэгэндээ хайргүй юм

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн эдүгээ 4 дэх парламентынхаа нүүрийг үзэж байгаа МАН-ын гишүүн. Өөрөөр хэлбэл, 2008 оноос УИХ-аар тасралтгүй сонгогдон ажиллаж байгаа хүн. Тэр ч утгаараа намдаа ч тэр, парламентад ч тэр тулхтай гишүүдийн нэг болж чадсан.

Гэвч өчигдөр энэ хүний амнаас их эвгүй үгс уналаа. УИХ-ын чуулганаар өчигдөр Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэн баталсан билээ. Энэ үеэр шүүгч, шүүхийн шударга байдлын асуудал хөндөгдөж эрхэм гишүүн Ц.Даваасүрэн энэ талаар байр сууриа илэрхийлэв.

Тэрээр “Нийгмийн сүлжээгээр шүүгчдийг сонгохтой холбоотой ихээхэн маргаан өрнөж байна. Шударга бусын хонгил гээчээр С.Баяр, С.Баярцогт нарын хүмүүс явсан юм уу даа. Тэр хонгилыг бид нурааж байгаа гэнэ” гэх утгатай үгс чулуудсан нь хэн бүхнийг сортосхийлгэсэн нь мэдээж.

Ерөнхий сайд асан С.Баяр, Сангийн сайд асан С.Баярцогт нарын хэрэг Монгол даяар нэг дуулиан шуугиантай өрнөж, эцэст нь энэ хүмүүс шоронгийн хаалга татаад байгаа. Хэрэг, гэм буруугийн асуудал шүүхийн асуудал.

Хүний асуудал бол өөр. Өөр нам гээд С.Баярцогтын нэрийг иш татсан байж болох ч С.Баярыг хүнийрхээд орхиж, бүр тээршаан ярьсан нь УИХ-ын Ц.Даваасүрэн тун ч муухай харагдлаа. Ядаж л эр нөхрөө, эцгээ шоронд явуулчихсан ар гэр нь харж суугаа даа, намын журмын нөхрийг нь.

Шударга бусын хонгилын тухай сүүлийн жилүүдэд байнга л яригдаж байгаа сэдэв. Овоо босгоогүй бол шаазгай юунд суух вэ гэдэг шиг байгаагүй зүйлийг шударга бусын хонгил гэж ярихгүй нь лав. Нөгөө талаар өнгөрсөн 10 гаруй жилийн ихэнх хугацаанд МАН эрх барьж, мөн тэр хугацаанд Ц.Даваасүрэн гишүүн ажиллаж иржээ. Нэг үгээр тэр үнэн ч бай, худал ч шударга бусын хонгилыг байгуулалцсан хүний нэг болж таарч байгаа юм.

С.Баярын хувьд МАН-ын мянга мянган гишүүдийн хувьд мэдлэг чадвар, төрийн ноён нуруу, хүн чанарын хувьд өндөр ёс суртахуунтай гэлцдэг. Тэрээр бас Монгол Улсын Ерөнхий сайд байсан хүн. Эр хүн туг ч барина, тугал ч хариулна гэгчээр, өнөөдөр өргөст торны цаана байгаа үед нь журмын нөхөр нь илтэд хүнийрхэж болохгүй юм байгаа юм даа.

Эх сурвалж: aguulga.mn Б.ЗАЯА

SHARE