М.Билэгт гишүүний түрээс тэглэх мэдэгдэл сюрприз үү, шунал уу?

Цар тахлаас улбаалж өнгөрсөн оны 11 дүгээр сараас эхлэн хүнснээс бусад бараа бүтээгдэхүүний худалдааг зогсоож зах, худалдааны төв, томоохон дэлгүүрүүдийг хаасан билээ. Өнөөдрийг хүртэл 3 сарын хугацаанд огт нээгээгүй байгаа билээ. Нэг ёсондоо худалдаа эрхлэгчид ямар ч орлого олоогүй гэсэн үг.

Зах худалдааны төвүүдийн талбайн ихэнх түрээсийнх байдаг.Улс орон даяар халдварт өвчинтэй тэмцэж ард иргэд хүнд нөхцөлд байгаа энэ үед түрээслэгч эзэд түрээсээ нэхэж, бүтнээр авч байгаа олон зуун гомдол ШӨХТГ болон холбогдох газруудад ирсээр байгаа гэх юм билээ.

УИХ-ын гишүүн асан М.Билэгт хороолол дахь Ачлал их дэлгүүрийн эзэн. Тэрээр цар тахлын үед дэлгүүрийнхээ түрээсийг тэглэж сюрприз барьж байгаагаа өчигдөр цахим хуудсаараа зарлажээ. Тэрээр  цахим хуудастаа “Түрээслэгчид иргэд бол бүгд хувиараа хөдөломөр эрхлэгчид. Түрээс төлөх нь байтугай өвлийн улирлын чанартай бараа таталт нь ирэх жилийн арваннэгдүгээр сар хүртэл зарагдах боломжгүй болсон. Зээл зээлийн хүүний өр төлбөр нь өдрөөс өдөрт нэмэгдэж хоолныхоо зардлаа ч гаргаж чадахгүй санхүүгийн эрсдэлд орчихоод байна. Тиймээс 100 хувь чөлөөлөхөөс өөр аргагүй” гэсэн байв.

Ерөөс түрээслэгчээс шалтгаалахгүйгээр төр засгийн зүгээс нэгдсэн байдлаар хааж хориглосон үйл ажиллагаанд төлбөр аваад зогсох эрх, ёс зүй, хүнлэг ёсны талаар манай түрээслүүлэгч эзэд бодмоор байгаа юм. Ялангуяа М.Билэгт гишүүн шиг эрх мэдэлтэй, олны танил хүмүүс бүр ч илүү анхаарч, зөв хөдлөх ёстой.

Нэгэнт ажиллаагүй, түрээсийн талбайд нь үйл ажиллагаа явуулаагүй байхад түрээс тэглэж байна гэж хэзээ хойно нь зарлаж байгаа нь сюрприз гэхээс илүү шунал л харагдаад байгаа юм.

Эх сурвалж: aguulga.mn Б.ЗАЯА

SHARE