Газар хөдлөлтөөр “Содон” хорооллын байранд цууралт үүсчээ

Хөвсгөл аймгийн Ханх суманд өнгөрсөн мягмар гаригийн өглөө 6.4 магнитуд буюу 8 баллын хүчтэй газар хөдлөлт болж, 660 км зайд алслагдсан Улаанбаатар хотод мэдрэгдсэн билээ.

Энэ газар хөдлөлтөөс үүдэж нийслэл Улаанбаатар хотын барилга байгууламжийн газар хөдлөлтөд тэсвэртэй эсэх асуудал сөхөгдөөд байгаа. Энэ удаагийнх 6.4 магнитудын хүчтэй байсан. Хэрэв 6.6 магнитудын хүчтэй газар хөдөлбөл Улаанбаатар хотын нийт барилга байшингийн 20-40 хувь нь нурах эрсдэлтэй гэсэн тооцоо гарсан.

Ийм чанаргүй байшин барилга хаана байна вэ?

Ард иргэдийн газар хөдлөлтийн үеэр цахим хуудаст мэдээллээ хуваалцэж эхэлсэн билээ. Тэдний дотор нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт байрлах Содон стандарт хорооллын байранд цууралт үүссэн талаар оршин суугч мэдээлжээ. Тодруулбал, тус хорооллын 106 дугаар байрны 12 давхрын нэгэн байрны хана, таазанд цууралт үүсчээ. Иргэний хувьд энэ асуудалд ихээхэн айж сандарснаа ч онцолсон байв. Олон нийтэд ил болоогүй өөр хохирол тус хороололд үүссэн байж болзошгүй байгаа юм. Газар хөдлөлтөд тэсвэргүйн дээр цууралт өгсөн байрны үнэ цэнэ ч цаашид буурах эрсдэлтэй.

Содон хороолол бол сүүлийн жилүүдэд барилгын салбар дундаа чанартай, бүх дэд бүтэц нэг дор шийдэгдсэн хэмээн нийслэлчүүдийн анхаарлыг ихээр татаж байгаа. Гэтэл 660 км-т болсон газар хөдлөлт тус хорооллын үнэн төрхийг илчлээд өгчих шиг боллоо.

Эх сурвалж: aguulga.mn Б.ЗАЯА

SHARE