УПЕГ: Ж.Эрдэнэбат, Н.Номтойбаяр нарын хэрэгт өртгөөр үнэлэгдэх хохирол учруулсан байхыг шаардахгүй

Улсын ерөнхий прокурорын газраас өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийсэн юм. Энэ үеэр томоохон хэргүүдтэй холбоотой асуудлаар тус газраас тайлбар өгөв.

Түүний нэг бол Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр нарын хэрэг. Зарим улстөрчид, хэвлэлүүд эдгээр хүмүүсийн хэрэг ямар нэгэн хохиролгүй, яллах үндэслэлгүй гэж үздэг.

Энэ асуудалд УЕПГ-аас тайлбар хийхдээ “Улс төрийн хоригдол гэх ойлголт байдаггүй. Н.Номтойбаяр, Ж.Эрдэнэбат нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашиглах гэмт хэрэгт давуу байдал бий болгох гэсэн шинжийг тодорхойлсон. Энэ хуульд заасан гэмт хэргийн шинжийн тодорхойлолт нь эрх мэдэл, албан тушаалаа урвуулсан үйлдэл эсвэл эс үйлдэхүй байна. Үүний улмаас бусдад эрх, давуу байдал, тэгш бус байдал бий болгосон нөхцөл байдал байхаар хуульчилсан. Энэ нь заавал өртгөөр үнэлэгдэх хэмжээний хохирол учруулсан байхыг энэ гэмт хэргийн шинжид шаарддаггүй. Тийм учир энэ зүйлчлэлээр шийдвэрлэсэн хэргүүд дээр хууль бус буюу хууль зөрчиж шийдвэр гаргасан процесс байхгүй” гэж байв.

Эх сурвалж: aguulga.mn Б.ЗАЯА

SHARE