2 төрлийн ковид-19-өөр зэрэг өвчилсөн анхны тохиолдол гарлаа

Арван сая хүн амтай Португал улсад мутацад орсон Ковид-19-ийн гурван өөр омгийн вирус бүртгэгдлээ. Нийслэл Лиссабон дахь Эрүүл мэндийн Үндэсний хүрээлэн (INSA)-гийн тэргүүлэх ажилтан Жоао Паулу Гомес пүрэв гарагт энэ талаар албан ёсны тайлбар хийхдээ, тус хүрээлэн 10-р сараас өнөөдрийг хүртэлх хугацаанд Коронавирусийн халдвар авсан өвчтөнүүдэд судалгаа шинжилгээ хийж мутацад орсон гурван өөр төрлийн вирус байгааг илрүүллээ гэж мэдээлэв. Мөн 17 настай хөвгүүнд Коронавирусийн хоёр өөр төрөл зэрэг халдварласан тохиолдол гарсныг онцоллоо. Энэ нь Дэлхий дээрх анхны тохиолдол болж байна. Жоао Паулу Гомесийн ярианаас харахад, Ковид-19-ийн анхных болон мутацлагдсан гурван омгийн вирус нь Португалын бүх бүс нутагт аль хэдийнэ тархсан ажээ. Гэхдээ вирус мутацад орж байгаа нь байгалийн жам ёсны үзэгдэл учраас анхныхаасаа илүү аюултай гэж олон нийтийг айдаст авахуулах шаардлагагүй. Хэдийгээр мутацлагдсан Ковид-19 нь тархалтын хувьд хурдтай байгаа ч, үхэлд хүргэх чадамж нь маш буурсан нь судалгаагаар батлагдаж буй гэж эерэг талыг нь онцолжээ. Дашрамд дурдахад, Их Британид тархсан Ковид-19-ийн шинэ мутацын вирус өнгөрсөн 24 цагт Хонконгод хоёр хүнд халдварласан тохиолдол гарчээ. Энэ нь мутацлагдсан Ковид-19-ийн халдвар авсан Ази тив дэх анхных нь боллоо.

Португал улсад өнгөрсөн хугацаанд Коронавирусийн халдвар авсан 383 мянган тохиолдол бүртгэгдэж, 6343 хүн амь насаа алджээ. Европын холбооны гишүүн Португалд маргааш бямба гарагаас эхлэн Ковид-19-ийн эсрэг вакцинжуулалтын ажил эхлэх бөгөөд эхний ээлжид эрүүл мэндийн ажилтан, эмч сувилагч нартаа хийх 80000 тун Pfizer/BioNTech-ийн вакциныг бэлтгэсэн байна.

 

Б.Цагаанбанди

SHARE