Нарийн ногоо хилээр орж ирсэн ч үнэ нь хоёр дахин өссөн байна

Хүнсний хэрэглээгээ дотоодоос хангах  нь үе, үеийн Засгийн газрын нэг бодлого байсан. Тиймээс хүнсий ногоо тарьдаг хүмүүсийг төсвийн сангаас дэмжиж, санхүүжүүлсээр ирсэн. Хүнсний ногооныхоо 60-70 хувийг дотоодоосоо хангадаг гэж салбарын яамны статистик судалгаа байдаг ч хөл хорьж, хил хаангуут нарийн ногоо тасарсан гэх шүүмжлэл  гарсан.   Хөл хорионы үед хүнсний нарийн ногоо, жимсний нийлүүлэлт тасарч, үнэ нь нэмэгдээд буй. Нарийн ногоо, жимс жимсгэнэ импортлогчдоос тээврийн хэрэгслийн квот тогтоож буй үйл ажиллагаа ил тод, нээлттэй биш, өдөрт 2-3, зарим өдөр нэг ч тээврийн хэрэгсэл Хятадаас хүнсний ногоо тээвэрлэж чадахгүй байна гэх гомдол санал хөврөх болжээ.

 

Худалдаачид: Нарийн ногооны үнэ өссөн нь урдаас орж ирсэн машин цөөрсөнөөс хамааралтай

Нарийн ногооны үнэ эрс өссөн талаар “Шинэ сансар” захын нарийн ногооны худалдагч Д “Олдоц бага байна. Урдаас орж ирж байгаа машин нь цөөрсөн гэсэн. Өмнө нь өдөрт 20, 30 машин орж ирдэг байсан нь гурав болсон. Үүрийн дөрөв, таван цагийн үед “Барс” зах дээр очоод алаан болоод дуусаж байна. Тэр гурван машин нь 100 гаруй тонн нарийн ногоо буулгана. Түүнээс ихэнхийг нь сүлжээ дэлгүүрүүд аваад явна. Лангуу ажиллуулдаг бидний хувьд нэг, нэг хайрцаг л оногдоно. Ачааны хөлс нь нэмэгдсэн гэсэн. Цаанаас ирж байгаа нэг хайрцаг ногооны үнэ ачааны хөлсөө шингээж зарж байна. 5000 юаниар ачдаг байсан бол одоо 15000 юаниар ачдаг болсон байна. Бид нар ногоогоо авахдаа хайрцаг хайрцгаар нь бодож авдаг. Бид 500-1000 төгрөг л нэмж зардаг шүү дээ. Жишээ нь, нэг хайрцаг өргөст хэмхийг 60000-65000 төгрөгөөр авдаг байсан бол өнөөдөр 130000 төгрөгөөр авч байна. Чинжүүг 40000 төгрөгөөр авдаг байсан бол одоо 65000 төгрөг гэж байна” гэдгийг хэллээ. Тэгвэл “Барс” худалдааны төв дээрх “Хүнс импортлогчдын холбоо”-оос дараах мэдээллийг өглөө.

“Бидний үйл ажиллагаа өнөөдрийг хүртэл хэвийн явагдаж байсан. Өнөөдрийн байдлаар тээврийн үйл ажиллагаа саатсанаас болж хил рүү өдөрт дөрвөн машины кувот авч ажиллаж байна. Жирийн үед өдөрт 10-15 машин явж импортын хүнснийхээ үнийн өсөлтийг барьдаг байсан. Барсын холбооноос үнэ өсгөсөн зүйл байхгүй. Цаашдаа жижиглэнгийн худалдаан дээр гар дамжин зарагддаг учир үнэ өсөхөөс өөр аргагүй байна. Тээврийн хөлс нь маш өндөр болсон. Урьд нь 2.2 сая төгрөгөөр явдаг байсан бол одоо 8-10 сая төгрөгөөр явж байна. Бид нэг хайрцаг нарийн ногоон дээр 3000-5000 төгрөг нэмсэн. Цаанаас ирж байгаа олдоц бага байна. Мөн орж ирж байгаа тээврийн хэрэгсэл хүрэлцээ муутай байна” гэлээ.

 

Гааль: Импортын хүнсний бүтээгдэхүүн тасалдсан зүйлгүй, орж ирсээр байгаа

Гаалийн ерөнхий газрын Статистикийн хэлтсийн дарга Э.Лхагвасүрэнээс импортын нарийн ногооны талаар “Цар тахлын улмаас хилээ хаасантай холбоотойгоор импортын бараа бүтээгдэхүүнд тодорхой хэмжээний хязгаарлалт хийгдэж, нэвтрүүлэх хэмжээ багассан байгаа. Гэхдээ импортын хүнсний бүтээгдэхүүн тасалдсан зүйлгүй, орж ирсээр байгаа. Тухайлбал иргэдийн дунд яригдаад байгаа хомстсон гэх өргөн хэрэглээний нарийн ногооны импортыг явч үзье.  Арванхоёрдугаар сарын 1-нээс өнөөдрийн хүртэлх хугацаанд 7.3 тонн брокли, 10.2 тонн ѳргѳст хэмх, 7.1 тонн улаан лооль, 215.7 тонн навчит байцаа, 378.2 тонн юуцай импортлогдсон. Арванхоёрдугаар сарын эхний 20 хоногийн байдлыг өмнөх оны мөн үетэй харьцуулахад биет хэмжээгээр зарим нарийн ногоо, тухайлбал брокли 3.5 тонн буюу 91.5 хувиар, навчит байцаа 55.9 тонн буюу 35 хувиар өссөн байна. Харин ѳргѳст хэмх 17.7 тонн буюу 63.4 хувиар, улаан лооль 19.6 тонн буюу 73.3 хувиар, юуцай 340.8 тонн буюу 47.4 хувиар буурсан  үзүүлэлттэй байна. 2019 онд өдөрт 107.8 тонн импортлогддог байсан бол энэ онд ажлын өдөрт 44.2 тонн нарийн ногоо импортлогдож байна” гэлээ.

 

“Долоо хоногт нэвтэрч буй 60 автомашины 10 нь хүнсний нарийн ногоо байхаар зохицуулна”

Тэгвэл тээвэрлэлтийн асуудлаар салбарын яам болон зарим бизнес эрхлэгчдийн төлөөлөл, Нийслэлийн Захирагчийн ажлын алба, Худалдаа аж үйлдвэрийн танхим, Хүнс импортлогчдын холбоо, ШӨХТГ зэрэг газраас өчигдөр цахим хурал зохион байгуулсан байна.

Холбогдох албаны хүмүүсийн төлөөлөл оролцсон  хуралд Замын-Үүдийн Онцгой байдлын шуурхай штаб болон Замын-Үүд сумын Засаг дарга оролцсон байна. Хурлаар Эрээн хотоос Замын-Үүд рүү долоо хоногт нэвтэрч буй 60 автомашины 10 нь хүнсний нарийн ногоо, жимс жимсгэнэ тээвэрлэсэн машин байхаар зохицуулах санал гаргахаар болжээ. Энэхүү саналаа Шадар сайд, Улсын Онцгой комисст албан бичгээр хүргүүлсэн байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

SHARE