Анхны гэрээг нь салфеткан дээр бичсэн Месси

—– Лионель Месси өчигдөр Нэг багийн төлөө хамгийн олон гоол хийсэн дээд амжилтыг 644 бөмбөгөөр тогтоолоо —–

Аргентины хөлбөмбөгийн шигшээ, Испанийн Барселона багийн шилдэг довтлогч Месси мягмар гарагт болсон Испанийн аварга шалгаруулах Ла лигийн 15-р тойрогт Вальядолид-Барселона 0:3 тоглолтын 65 дахь минутад эсрэг багийн хаалганд гоол оруулснаар энэхүү дээд амжилтын эзэн болсон. Одоо цаашид зөвхөн Месси л өөрийнхөө дээд амжилтыг гоол хийх бүртээ шинэчлэх болж байна. Нэг багийн төлөө хамгийн олон гоол хийсэн өмнөх дээд амжилтыг “хөлбөмбөгийн хаан” Пеле өнгөрсөн XX зууны дундуур эх орныхоо шилдэг баг Сантост 17 жил тоглохдоо 643 гоол оруулж тогтоосон байв. Месси хоёр хоногийн өмнө Ла лигийн 14-р тойрогт Валенси багийн хаалганд гоол оруулж домогт Пелегийн дээд амжилтыг давтаад байсан юм.

Испанийн Барселона клубт 16 дахь жилдээ тоглож буй Мессигийн спортын амжилт, алдар цолыг дуудвал маш урт. Уушгины багтаамж хэмждэг уламжлалт аргын нэг “гучин хоёр цагаан лонх”-ыг нэг амьсгаагаар тоолж чаддаг Ардын жүжигчин Д.Түвшинжаргал дуучин л дунд нь амьсгаа авалгүй үргэлжлүүлэн дуудаж чадах байх.

–    2008 оны Бээжингийн олимпын аварга.

–    2014 оны Дэлхийн аваргын мөнгөн медальт.

–    2014 оны Дэлхийн аваргын шилдэг тоглогч

–    2005 оны залуучуудын Дэлхийн аварга.

–    2009, 2010, 2011, 2012, 2015, 2019  оны Дэлхийн шилдэг хөлбөмбөгчин.

–    2009, 2011, 2015 оны клубүүдийн Дэлхийн аварга.

–    2006,  2009, 2011, 2015 оны Аваргуудын лигийн аварга.

–    2009, 2011, 2015 оны Европын супер цомын эзэн.

–    Испанийн Ла лигийн 10 алтан медальт.

–    2005, 2007-2017 оны Аргентины шилдэг хөлбөмбөгчин.

–    Хөлбөмбөгийн нэг улиралд 68 гоол оруулсан дээд амжилтын эзэн.

–    Хуанлийн нэг жилд 86 гоол оруулсан дээд амжилтын эзэн

–  Нэг багийн төлөө хамгийн олон 644 гол оруулсан дээд амжилтын эзэнгэх мэт хөвөрнө.

Лионель Мессийн алдрын цуглуулгад ганцхан Дэлхийн хөлбөмбөгийн аваргын алтан медаль байхгүй. Тиймээс Месси “Миний тоглолтыг Марадонатай (Аргентины домогт хөлбөмбөгчин)  үргэлж харьцуулж, жишиж зүйрлэх юм. Гаргасан том амжилтын хувьд би түүний хаана ч хүрэхгүй. Тэр чинь шигшээ багаа дэлхийд 1986 онд нэг түрүүлгэж, 1990 онд нэг үзүүрлүүлсэн хөлбөмбөгийн бурхан. Намайг Аргентины шигшээ багийнхантайгаа хөлбөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн (ДАШТ)-д түрүүлсэн цагт л түүнтэй жишихийг зөвшөөрөх байна” гэж өгүүлдэг. Одоо 33 настай Месси хоёр жилийн дараа 35-тайдаа 2022 онд Катарт болох хөлбөмбөгийн ДАШТ-д шигшээ багийнхтайгаа аваргын төлөө өрсөлдөх боломж байгаа. Түүний хувьд хамгийн сүүлчийн ДАШТ учраас тэнд л дэлхийн аварга болно гэж мэрийнэ, эс чадваас хувь заяатайгаа эвлэрэхээс өөр замгүй.

1987 оны зургаадугаар сарын 24-нд Аргентины Санта-Фе мужийн Росариа хотод төрсөн, Италийн цагаачдын удмын энэ аргентин хөлбөмбөгчин 2017 оны арванхоёрдугаар сарын 25-нд Барселона багтай хийсэн гэрээгээ хоёр дахь удаа шинэчилсэн. Сонирхуулахад, Барселона багтай түүний хийсэн анхны гэрээ нь гуанзны салфеткан дээр бичигдэж баталгаажсан байдаг.

… 2000 оны арванхоёрдугаар сар. Испанийн Барселон хотын нэгэн зоогийн газар. Нэг талаас Барселона клубын биеийн тамир, спортын захирал Карлос Рексач, нөгөө талаас Мессигийн эцэг Хорхе Месси нар харилцан тохиролцож гэрээ байгуулах боллоо. Гэрээнд гормоны дутагдлаас болж өсөлт нь зогсч эхэлсэн 13 настай Мессийн эмчилгээний зардлыг Барселона даах, түүнд өгөх цалингийн хэмжээ зэргийг тусгасан байж. Хорхе Месси “ямааны мах халуун дээрээ” гэж үзээд тэр дор нь харилцан гарын үсэг зурж гэрээг баталгаажуулъя гэж Карлос Рексачид хэллээ. Бичгийн цагаан цаас хэн хэнд нь байсангүй. Зоогийн газрын үйлчлэгч ч цаас олж өгч туслах гэж хичээсэнгүй. Тэд гар арчих зориулалтаар ширээн дээр тавьсан хуурай салфеткан дээр Мессийн гэрээг бичиж гарын үсгээ зурсан байна.

Месси Барселона клубт ирснээр өсөлтийн гормоны эмчилгээнд хамрагдлаа. Маш үнэтэй энэ эмчилгээний үр дүнд тэрбээр харьцангуй нуруулаг болсон юм. Түүний өндөр одоо нэг метр 69 см. Мессиг 2009 онд Италийн Ром хотноо болсон Аваргуудын лигийн финалын Испанийн Барселона-Английн Манчестэр Юайнтед багийн (2:0, гоол Это 10 минутад, Месси 70 минутад) тоглолтод хожлыг баталгаажуулсан хоёр дахь гоолыг толгойгоороо мөргөж хаалганд оруулахад Английн хөгжөөн дэмжигчид хорсохдоо “Месси биш өсөлтийн Гормон гоол хийлээ” гэж хашгирч байсан гэдэг. Эмчилгээ хийлгээгүй бол тэрбээр өнөөдөр нэг метр 40 см, харьцуулж бодоход манай ерөнхий боловсролын дунд сургуулийн бага ангийн хүүхдүүдтэй өндөр намаараа зэрэгцэх байж.

Хөлбөмбөгийн ертөнцөд “гоолын машин” гэж нэрлэгддэг Месси эсрэг багийн хаалганд бөмбөг оруулсныхаа дараа дээшээ харж, хоёр гарынхаа долоовор хуруугаар тэнгэр рүү зангадгийг хөлбөмбөгийн шимтэн үзэгчид ажигласан биз ээ.

Түүнээс гоолын баяраа тэмдэглэдэг хөдөлгөөний учрыг лавлахад,

-Оруулсан гоол болгоноо, эмээдээ зориулж байна гэж илэрхийлдэг. Анх намайг хөл­бөмбөгийн дугуйланд хөтөлж аваачин оруулсан хүн нь миний эмээ. Өнөөдөр надад юу тохиож байгааг тэрээр мэдэхгүй байгаа биз. Гэхдээ эмээгийн минь ач тус үргэлжилж надад, манай гэр бүлийнхэнд сайн сайхныг авчирсаар байгаа гэдэгт би итгэдэг гэж хариулсан байна. Түүний зүүн далан дээр хайртай эмээгийнх нь хөрөг шивээс бий.

Лионель Мессийн төрсөн хот Росарио нь хүн амынхаа тоогоор улсдаа Буэнос-Айрос, Кордовын дараа гуравт ордог, сая гаруй оршин суугчтай. Аргентины зүүн хойд талд далайн эрэг Паран голын хөвөөнд оршдог энэ хотоос Мессигээс өмнө тодорсон Дэлхийн хэмжээний алдартан нь хувьсгалч Че Гавера. 1959 оны Кубын хувьсгалын удирдагч, Өмнөд  Америкийн хувьсгалч энэ эрхэм Боливи улсад хувьсгал эхлүүлэх гэж партизанчилж яваад 39 насандаа 1967 онд амиа алдсан билээ. Түүнийг нас барснаас хойш одоог хүртэл Че Гаверагийн нэгэн гэрэл зураг эрх чөлөөний төлөө тэмцэгчид хийгээд өөрсдийгөө тэгж нэрлэдэг бүх хүний уриа дуудлагын бэлгэ тэмдэг болж байгаа.

Росарио хотын сая гаруй иргэний дунд удаа дараа явуулсан санал асуулгын дүнг харахад Че Гавера үргэлж тус хотын тэргүүлэх алдар суутнаар шалгарсан байдаг. Харин түүний өмнө Месси л ганц удаа хөлбөмбөгийн “Бразили-2014” ДАШТ-ий үеэр гишгэжээ. Ялсан саналын зөрүү нь нэг бүхэл хүрэхгүй, тэг зууны хэдэн хувь аж. Месси тухайн дэлхийн аваргад шигшээ баг нь финалд шалгарахад (Германд Аргентин 1-0-ээр хожигдсон) гол үүрэг гүйцэтгэж, тиймээс ч өөрөө шилдэг хөлбөмбөгчнөөр шалгарсан билээ. Месси ахлагчтай Аргентины хөлбөмбөгийн шигшээ баг 2022 онд Катарт болох 22 дахь удаагийн ДАШТ-д түрүүлбэл тэрбээр алдар суугаараа Росариа хотод явуулдаг санал асуулгад Че Гаверагийн өмнө гишгэх магадлалтай. Харин аварга болохгүй тохиолдолд яах бол. За даа, бараг л эсрэгээрээ байх шүү.

Зураг: – Мессийн салфеткан дээрх  анхны гэрээг Барселона клубын музейд жаазлан хадгалсан байдаг. – Росарио хотын хоёр алдартны нэг, зураг нь  эрх чөлөөний төлөө тэмцэгчдийн бэлгэ тэмдэг болсон Че Гавера

 

SHARE