Палдига

 

Б.Төмөр-Очир

Түүнийг Палдига гэдэг. Нэр нь л дээ. Түүн шиг нэртэйгээ яв цав нийлдэг хүн энэ хорвоод байдаг эсэхийг мэдэхгүй юм. Байдаг бол маш ховор тохиолдол болно.

Палдига уг нь XX зууны сүүлчээр таг хөдөө, бүр уулын мухарт төрсөн. Яг л ном зохиол дээр гардаг шиг ээж нь араг тэврээд төрүүлчихсэн гэж байгаа. Гэхдээ энэ түүхийг өөрөө ярих дуртай. Үнэн эсэхийг тэнгэр л мэднэ.

Ингээд сумын сургуулийн дунд анги хавьд сурч ахуйд нь Монголд ардчилсан хувьсгал ялж, мань эр капиталист нийгмийн амтыг мэдэрч эхэлсэн гэдэг. Бас л өөрийнх нь ярьдаг түүх.

Дунд сургуулиа дүүргээд Улаанбаатарт ирлээ. Сурлага баахан тааруу, хэдэн мал зарсны буянаар хувийн дээд сургуулийн хаяа бараадав. Дөрвөн жил мачийж байж диплом өвөртөллөө. Төгслөө гэсэн үг. Гэвч ажил олддоггүй. Уг нь нягтлангийн мэргэжилтэй болсон ч түүнийг ажилд авах газар олдсонгүй. Буцаад нутагтаа очлоо. Гэртээ гэдсээ илээд л хэвтдэг болов. Сумын захиргаанд орон тоо гарлаа. Нагац нь яриад оруулъя гэв. Гэвч ажилд ороод мэдлэг тааруу тул дараа нь гарах үр дагавраас болгоомжлоод больё л гэжээ. Амьтан хүнээр мэдлэг чадваргүйгээрээ дуудуулахыг тэр хүссэнгүй. Энэ бол түүний халамцуудаа ярьсан түүх нь юм.

Ингээд хэвтэж байтал аз болж сонгуулийн жил тохиолоо. Хамгийн том намд гишүүнээр элсээд ухуулга сурталчилгаанд нь харайлаа. Нэр дэвшигч нь ялж мань эрийг ажилд оруулах юм болов. Мэргэжлээрээ бол ёстой барахгүй. Тэгэхээр хүн амьтны анхаараад байхааргүй сумын намын нарийн бичгийн даргаар үлдэв. Дөрвөн жил хийсний дараа нам нь навс ялагдав. Мань эр цалин пүнлүү ч үгүй болов. Суманд нь төрийн эргэлт болж шинэ эрх баригчид нүд үзүүрлээд ирлээ. Хүн ч орж гарахаа больсон намын хоосон байшин сахиад суултай биш ажлаа албан ёсоор орхив.

Аав, ээж үглэх шинжтэй, 20 гарсан хүн амьдралаа зохио гэнэ. Бодоод бодоод бодын шийр дөрөв. Ялсан намын сумынх нь дарга дээхнэ таарахдаа, манайд элсвэл ажлаар шагнана гэснийг санаад яваад орлоо. Өмнөхөө ураад, энэ намын батлахыг гардав. Бас л намын ажилтан болов. Хүн амьтан “…Палдига намаа сольжээ” гээд цуурах янзтай. Намаа сольсноос эцэг эхээ сольсон биш, юунд нь тоодог юм гэсэн намын даргын үгэнд зоригжсон Палдига намынхаа суртал ухуулгыг харин ч нэг хийж өгөв. Дөрвөн жил дуусч сонгууль ойртлоо. Энэ хооронд эхнэр ч авлаа, хүүхэдтай ч болов.

Сонгууль болов, нам нь бас л унав. Намын ажлаас өөрийг хийж чадахаа больсон Палдига хадгаа бариад “төрөлх” намдаа буцаад очлоо. Хурлаар оруулж, хатуухан донгодсоноо ашгүй авлаа. Ингээд цаг хугацааны аясаар жилийн дараа намын дарга нь гэнэт таалал төгсч, бусад боловсон хүчин нь Сумын захиргаанд ажилд орсон тул Палдига сумын намын дарга болж дэвшлээ. Тамга барьдаг дарга шүү дээ. Дараагийн сонгууль боллоо. Аз болж нам нь ялагдсангүй. Арай л олон суудал авав.

Дарга байна гэдэг сайхан. Хол ойрын, том жижиг олон хүнтэй танилцана, дотносно. Тэр сонгуулиар нэр дэвшиж сонгогдсон эрхэм гишүүн Улаанбаатарт урьж байна. Давхиад очлоо. Гэр хөдөө, өөрөө хотод жил гаруй амьдрав. Эхлээд нэгэн яаманд мэргэжилтнээр оруулав. Хот явлаа, дарга боллоо гээд сумаасаа үдүүлж үдүүлж гарсан мань Палдига нэрэлхээд нэг жил ажиллая гэж шийдэв. Энэ хооронд мөн ч олон хүнээс эвгүй үг сонсож, ад үзсэн харцыг харав даа. Дандаа суманд ажилласан болохоор яамны ажлыг яаж мэдэх юм гэж өөрийгөө тайвшрууллаа.

Тэгж байтал нэг өдөр гишүүн дуудаад өөрийнхөө туслахаар ажиллахыг санал болгов. Дуун дээр гүйгээд очлоо. Яггүй ажил байх юм гээч. Хуулийн төсөл, элдэв бичиг сачиг нь дийлдэх ч шинж алга. Хамгийн сайн чаддаг нь эрхэм гишүүнийг өдөр, оройн цагаар хүнтэй уулзахад нь цүнхийг нь бариад яс зогсч чадаад байгаа юм. Хэдэн цагаар ч хамаагүй хүндэт харуулын цэрэг шиг зогсоно. Сүүлдээ машин барьж сурлаа. Гишүүний хувийн машиныг барьж алба, амины ажилд нь гүйнэ. Гишүүн түүнд итгэдэг гэж жигтэйхэн. Гэр бүлээ ч татлаа, гэрийнхээ хойморт гишүүнийхээ зургийг жаазлаад өлгөчихлөө. Гадуур дотуур ажил ихтэй гэж гишүүндээ хушуу цорвойж байгаад бас нэг бичиг сачиг цэгцэлдэг туслахаар ажиллах охиныг аймгаасаа олж ирээд ажилд оруулчихав.

Ингэж явсаар дараагийн сонгуультай золгов. Нам нь үндсэндээ ялагдав. Гишүүн нь бүр сураггүй тавиуллаа. Бүх хангамж нэг л өдөр ор тас алга болов. Гэхдээ гишүүн нь түүнд зөвлөж байна. За яахав, төрийн ажил ямар ч байсан дөрвөн жилдээ зогслоо. Надтай холбоотой наана уу цаана уу гэж байгаарай. Хувийн юм эхлүүлнэ. Хамт байж байхад учир нь олдоно шүү гэв.

Мань эр гэрийн хүн болов. Эхнэрийн ааш ширүүсч эхэлж байна. Ээж аавдаа хааяахан өгдөг хэд гурван юмаа дийлж олох хөг нь өнгөрөв. Орон нутгийн сонгууль дөхөв. Төрөлх намынхаа батлахыг урж хаячихаад нөгөөхийгөө гаргаж ирээд харайчихлаа. Сонгуульд өрсөлдөв. Гишүүний буянаар идэх уухаар дутаагүй Палдига палдийсан сайхан эр болж жаггсан юм. Сурталчилгааны самбар дээрх зураг нь сайхан гэгчийн гарчээ. Сонгогдлоо. Дүүргийн ИТХ-ын төлөөлөгч болов. Төлөөлөгч гэдэг сайхан юм. Амьдралд хэрэгтэй, унац хаялгатай ажил ажээ. Эхнэр эргээд “намираад” ирэв. Ээж ааваа ч харж үздэг болов. Жийп авч уналаа, нэг өрөө байраа дөрвөн өрөө болгов. Нэг биш хоёр гүүрний цаана амьдрах болов.

Гайтай сонгууль болов. Төрөлх нам нь цөм ялаад гарч ирэв. Юу юу ч үгүй болох нь олйгомжтой болов. Гишүүн нь сонгогдчихож. Сураагүй биш яваад очлоо доо. Амьдрал ярилаа, зовлон тоочлоо, уйллаа. Гишүүн нь түүнийг ойлгох шиг болов. Ажилд оруулъя гэж байна. Гэхдээ өмнөх шигээ дэргэдээ авсангүй. Нэгэн агентлагт газрын даргаар томилууллаа. Одоо Палдига тэр ажлаа хийж байна. Орлого ашиг нь тун давгүй гэсэн.  Дөрвөн өрөө байрны төлбөр, том жийпний “хоол”, дээрээс нь эхнэрийн хэрэглээ, хүүхдийн сургууль гээд “цаанаасаа” юм нэхээд байдаг амьдралтай байх хэцүү юм гэсэн. Гэхдээ Палдига нэг л зүйлийг их л зовингүй асууж байна лээ. 2020 онд энэ нам ялах болов уу гэж. Энэ түүнд хамгийн их хамаатай болохооор аргагүй биз ээ.

Эх сурвалж: www.news1.mn

 

SHARE