Аваргуудын лигийн 1/8-ийн оноолтын сугалааг XII.14-нд татна

Европын хөлбөмбөгийн Аваргуудын лигийн Хэсгийн тоглолтууд энэ долоо хоногийн дундуур өндөрлөж цаашид хасагдах шатанд өрсөлдөх шөвгийн 16 багийн нэр тодорлоо. Шөвгийн 16-д Герман, Испанийн тус бүр 4, Англи, Италын тус бүр 3, Францын 1, Португалын 1 баг шалгарлаа. Эдгээр багуудын плей-оффын 1/8 шатны оноолтын сугалааг XII.14-ний даваа гарагт Швейцар дах УЕФА-гийн төв байранд татна.

Сугалааны “А” сагсанд найман Хэсэг тус бүрээс нэгдүгээр байраар шалгарсан 8 багийн, “В” сагсанд хоёрдугаар байраар шалгарсан 8 багийн нэр хийж багуудын хооронд тоглох оноолт гаргана. Өөрөөр хэлбэл “А” сагсны ямар баг “В” сагсны аль багтай шилдэг 8-д шалгарахын төлөө халз тоглох вэ гэдгийг тодруулах юм. Гэхдээ онцлох зүйл гэвэл, энэ шатны сугалаанд нэг улсын багууд болон өмнө нь нэг Хэсэгт өрсөлдсөн багуудыг хооронд нь тааруулахгүйгээр зөрүүлнэ.

Жишээлбэл, “А” сагсны Германы “Бавари М” сугалааны “В” сагсанд байгаа өөрийн орны “Борусси М”, “Лейпциг” болон урьд нь нэг Хэсэгт тоглосон Испанийн “Атлетико М” багийг сугалахгүй гэсэн үг. Бусад “Барселона”, “Севилья”, “Лацио”, “Аталанта”, “Порту” гэсэн тавын нэг багтай оноолт тааарна. Сугалааны энэ дүрэм бусад багт нэгэн адил үйлчилнэ.

Аваргуудын лигийн плей-оффын 1/8 шатны тоглолтууд ирэх 2021 хоёрдугаар сард эхэлнэ.

SHARE