“Энэ хар арьстанг” гэж хэлснээс болж Туркийн хөлбөмбөгчид талбайг орхилоо

Европын хөлбөмбөгийн Аваргуудын лигийн  “E”, “F”, “G”, “H” хэсгийн сүүлчийн 6-р тойргийн найман тоглолт өчигдөр болж хасагдах шатны шөвгийн 16-д шалгарах 8 багийн нэр эцэслэн тодрох ёстой байв. Гэтэл “H” хэсгийн Францын “ПСЖ”-Туркийн “Истанбул” багийн тоглолтын нэгдүгээр үед хажуугийн дөрөв дэх шүүгч “Энэ хар арьстанг шүүгч хөөж байна” гэж хэлснээс болж Туркийн хөлбөмбөгчид талбайг орхиж гарсан. Уг тоглолтыг дуусгаагүйн гол буруутан, Арьс өнгөөр ялгаварлан гадуурхсан хэрэгт унасан, одоо спортын ертөнцийн шуугианы “баатар” болж буй эрхэм нь Румын улсын иргэн, Европын хөлбөмбөгийн холбоо УЕФА-гийн итгэмжлэгдсэн шүүгч Себастиан Кольцеску ажээ. Тухайн нөхцөл байдлыг тоймловол, тоглолтын нэгдүгээр үеийн

  • 11:57 минут. Талбайн төвд бөмбөг булаацалдсан Рафаэль (Истанбул) эсрэг багийн хамгаалагч Баккерийн (ПСЖ) хөл дээр гишгэлээ. Талбайн ерөнхий шүүгч ОвидиуХэцеган бүдүүлэг тоглосон гэж Рафаэлийг “шар хуудас”-аар торгов.
  • 15:18 минут. Талбайн гадна талд байсан Туркийн багийн дасгалжуулагчид болон сэлгээний хөлбөмбөгчид Ерөнхий шүүгч ОвидиуХэцеганы энэ үед гаргасан шийдвэрийг эсэргүүцэн хашгиралдлаа. Шүүгч талбайн захад очин эсэргүүцэн хашгирч байсан туслах дасгалжуулагчдын нэгэнд торгуулийн “улаан хуудас” харуулж, байгаа газраа орхиж үзэгчдийн суудалд шилжихийг шаардав. Энэ үеэр Туркийн хөлбөмбөгчид ПСЖ багийн довтлогч Неймарыг арьс өнгөөр ялгаварлан гадуурхсан үг хэлснийг сонссон гэж хэл ам гаргалаа. Неймар ийм үг хэлээгүй гэж биеэ өмөөрлөө.
  • 16:23 минут. Талбай дээр бөөн маргаан дэгдэв. Эцэст нь талбайн дөрөв дэх шүүгч  Себастиан Кольцеску “Энэ хар арьстанг шүүгч хөөж байна” гэж  хэлсэн болох нь батлагдав.
  • 22:20 минут. УЕФА-гаас томилсон олон улсын шүүгч ийнхүү арьс өнгөөр ялгаварлан гадуурхсан үг хэлснийг Туркийн багийн дасгалжуулагчдын бие бүрэлдэхүүн эсэргүүцэж тоглолтыг цаашид үргэлжлүүлэхээс татгалзсан шийдвэр гарган хөлбөмбөгчдөө дагуулан талбайг орхин явлаа…

Аваргуудын лигийн энэ “H” хэсэгт Германы “Лейпциг” баг Английн “Манчестэр

Юнайтед”-ыг өөрийн талбайдаа 3:2-оор буулган авснаар 12 оноотой болж хасагдах шатны 16-д шалгарлаа. Хэсэг тус бүрийн дөрвөн багаас эхний нэг, хоёрдугаар байр эзэлсэн хоёр баг шөвгийн 16-д шалгардаг. Английн алдарт “МЮ” есөн оноогоор гуравдугаарт орж Аваргуудын лигийн тэмцээнээ өндөрлүүлэв. Сүүлчийн тоглолт нь хойшлогдсон Францын “ПСЖ” есөн оноотой, Туркийн “Истанбул” гурван оноотой яваа. Тус багуудын хойшлогдсон тоглолт өнөөдөр болох сураг байна. Энэ тоглолтын үр дүнгээс хамаарахгүйгээр “ПСЖ”-ийн авсан есөн оноо нь аль хэдийнээ шөвгийн 16-д шалгарах болзол хангасан үзүүлэлт юм. Өчигдөр болсон тоглолтуудаар Аваргуудын лигийн шөвгийн 16-д “E” хэсгээс Испанийн “Севилья”, Английн “Челси” , “F” хэсгээс Германы “Борусси Д”, Италын “Лацио”, “G” хэсгээс Италын “Ювентус”, Испанийн “Барселона”,  “H” хэсгээс Германы “Лейпциг”, Францын “ПСЖ” гэсэн нийт 8 баг эцэслэн шалгарлаа.

Өнөө орой бусад “A”, “B” “C”, “D” хэсгийн сүүлчийн 6-р тойргийн найман тоглолт болж шөвгийн 16-д шалгарах дараагийн 8 багийн нэр тодорно. Аваргуудын лигийн шөвгийн 16 багийн хасагдах шатны 1/8 финалын тоглолтууд ирэх 2021 оны хоёрдугаар сард эхлэх юм.

 

SHARE