Ерөнхийлөгчийн сонгууль, намуудын шийдвэр

Сэтгүүлч Дажсүрэнгийн Лхагвадорж

Ерөнхийлөгчийн сонгууль болоход хоёрхон сарын л хугацаа үлдээд байна. Намуудаас хэн нэр дэвших нь одоогоор таамаг төдий. Эрх баригч  МАН-ын хувьд намын даргынх нь нэр илүү тод сонсогдож байгаа юм. Өөрөөр хэлбэл, “Би нэр дэвшинэ” хэмээн ил шулуун мэдэгдэж, асуудлыг нам дотроо сонгууль явуулах замаар шийдье гэж ярьж хэлж байгаа зориг зүрхтэн МАН-д одоогоор алга. Улстөрийн хүрээн дэх онцгой содон гэмээр үйл явцуудтай холбогдуулж өөрийн байр суурь, үзэл бодлоо хатуухан илэрхийлж байгаагийнх нь хувьд “хашир чоно” Ц.Нямдоржийг “хардах” хүмүүс  байгаа. Саяны “Сант марал” сангийн судалгаагаар тэрбээр рейтингээрээ шилдэг улстөрчдийн эхний гуравт нэрлэгдсэн нь тус намынх нь лидерүүдийн хүрээгүй “өндөрлөг”. Энэ нэр хүнд, шударга улстөрч гэдэг имиждээ найдаад дотроо битүүхэн санаа бодол агуулж явахыг үгүйсэхгүй. Гэхдээ намаасаа дэмжлэг авна гэдэг юу л бол? Учир нь МАН олон нийтийн дундах нэр хүндийг төдийлөн тооцохгүй болов уу. Нэр дэвшүүлэх процесс дээр босоо удирдлагын зарчмаар хандах магадлалтай гэсэн үг. МАН-аас нэр дэвших өөр нэг боломжтой хүнээр Ө. Энхтүвшинг нэрлэх гишүүд байгаа нь нууц биш. Намын дарга явсан, өөрийн гэсэн үзэл бодолтой, тодорхой хүрээлэлтэй гэж харагддаг түүний улстөрийн идэвх сулраагүй. Ярьж хэлж байгаагаас нь  ч хурц тод “өнгө ялгарах” нь олонтаа. Тун саяхан хэвлэлд өгсөн ярилцлагадаа “МАН Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдах эрхгүй” гэж мэдэгдсэнийх  нь цаана нийт сонгогчдын дунд нэр хүндтэй хүнээ олж дэвшүүлэх ёстой шүү гэсэн утга бүхий анхааруулга цухалзаад байгаа юм. Ерөнхийлөгчөөр ноён нуруутай л хүн байх ёстой гэдэг итгэл үнэмшлээр Нямаагийн Энхболд ч тохирно хэмээх хүмүүс МАН-ын гишүүд дэмжигчид дотор байдаг. Харин түүний өөрийнх нь байр байдлаас харвал намынхаа бодлоготой зөрчилдөхгүй л болов уу. Угаасаа бие даасан тоглолт хийдэггүй, томоотой, үзэл бодлын хувьд удирдлагуудтайгаа тэрсэлдээд байдаггүй хүн л дээ.

М. Энхболд Ерөнхийлөгчийн суудлыг горилно гэдэг таамаг түүнийг МАН-ын дарга болсны дараа улам лавширсан. М. Энхболдыг удирдаж байх үед МАН үнэмлэхүй олонх болсон, улмаар элгээрээ хэвтсэн эдийн засгийг “эмчилж”, улс орноо сэхээний орон дээрээс  босгох чиглэлээр нухацтай ажиллаж байгаа гэх зэрэг пиардаа найдаад, бас эрх баригч гэдэг давуу шинжээ тооцоолоод нэр дэвших нь бараг л ойлгомжтой.  Яг одоогийн уур амьсгалаас харвал МАН улстөрчдийн рейтингийг тодорхойлдог  судалгааны үр дүнд нэг их ач холбогдол өгөхгүй байж мэднэ. Энэ утгаараа намын дарга нь өрсөлдөгчгүйгээр нэр дэвших хувилбар хамгийн тод харагдаад байна. Гэхдээ цагаа тулахаар байдал яаж өөрчлөгдөхийг таашгүй.  “МАН найман жил Ерөнхийлөгчийн суудлаа алдсан. Хүнд байлаа” гэж Ө. Энхтүвшингийн яриад байгаа шиг энэ намд Ерөнхийлөгчийн сонгууль УИХ-ын үнэмлэхүй ялалтаас ч дутуугүй чухал байна.

Сөрөг хүчин АН-ын хувьд ч Ерөнхийлөгчийн сонгуульд ялахыг ихэд эрмэлзэж буй. Намын шинэ дарга нь ч өөрийнхөө нэр хүндтэй шууд холбоотой учраас хамаг л хүчин чармайлтаа тавьж таарна. Тэр ч үүднээсээ нэр дэвшигчээ тодруулахдаа гишүүдийнхээ дунд сонгууль явуулах аргыг сонгохоо илэрхийлсэн.

Н.Алтанхуяг, Э. Бат-Үүл, Г.Батхүү, Д.Дорлигжаваас гадна Баабар хүртэл нэр дэвшихээ мэдэгдлээ. Р.Амаржаргалын тухайд байр сууриа сүүлийн байдлаар илэрхийлээгүй санагдана. Хэрвээ  Ерөнхийлөгчийн сонгуулийг алдахыг хүсэхгүй л байгаа бол АН нийтэд нэр нөлөөтэй тийм  хүндээ итгэл хүлээлгэх нь хамгийн зөв гарц болов уу. Гэхдээ ардчилсан хүчин гэдгээ батлаж  гишүүдийнхээ сонголтоор тодруулах нь үндсэндээ ойлгомжтой болоод байна. Мэдээж дээрх хүмүүсээс нэрээ татах нь татах л байх. Эцсийн үр дүн нь яаж ч гарсан намын нийт гишүүдийнх нь үзэл санаа тухайн нэр дэвшигч дээрээ маргаангүй, эргэлзээгүй төвлөрч чадах, эсэхийг одоогоор хэлэхэд эрт.

МАХН-д Н. Энхбаярын нэрийг дэвшүүлэхээс өөр сонирхол, сонголт төдийлөн харагдахгүй байна. Ялтай хугацаа нь дуусаагүй гэдэг хуулийн тайлбар саад болно гэж айх дэмжигчид байгаа ч 2016 оны сонгуулийн нэр дэвших процесс дууссаны дараа гарсан Дээд шүүхийн дүгнэлтэд гол найдвараа тавьж буй. Өөрөөр хэлбэл, нэр дэвшихэд хуулийн талаас харшлах зүйлгүй гэдэг өнцгөөс харах өөдрөг бодолтой фанат даанч олон. Дээр нь “Сант марал”-ын судалгаагаар улстөрчдийн рейтингийг Н.Энхбаяр тэргүүлсэн нь МАХН-ын урмыг сэргээв бололтой. Юутай ч энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгууль урд өмнөх Төрийн тэргүүнээ сонгох сонгуулиудаас ихээхэн дуулиантай болох шинжтэй.

Эх сурвалж: www.news1.mn

SHARE