Л.Энхболд “ЖДҮ” хэргээ туслахдаа үүрүүлэхээр ятгасан гэв үү

2016 оны сонгуулиар “ёндоо”-той байж Өмнөговиос УИХ-ын гишүүн болсон Лувсангийн Энхболд төр, түмний хайрыг даагаагүй.
Тэрбээр ЖДҮ-гийн хэрэгт холбогдсон учраас 2020 оны УИХ-днэр дэвших эрхээ хасуулсан.
Л.Энхболд УИХ-ын гишүүнээр ажиллаж байхдаа охин Мандухайнхаа нэр дээр “Мэйт экспорт интернэшнл” компани байгуулан, улмаар 2016 оны арванхоёрдугаар сарын 21-ний өдөр Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 1.3 тэрбум төгрөгийн зээл авсан нь баримтаар нотлогдсон байдаг. Гэвч түүний залилан луйвар үүгээр дуусаагүй. Тэрээр охиныхоо нэрээр улсын мөнгөнөөс тэрбумаар нь хулгайлчихаад өөрөө хожим хэргээс цэвэрхэн сугарахын тулд олон жил өөрт нь итгэж, үнэнчээр дагаж явсан туслах залуугаа хэрэгт түлхсэн байдаг. Л.Энхболд охиныхоо зээл авсан “Мэйт экспорт интернэшнл” компанийг 2017 оны арваннэгдүгээр сарын 24-ний өдөр Э.Чагнаасүрэнгийн нэр дээр шилжүүлжээ.
Түүний ЖДҮХС-аас зээл авсан хэрэг нь сөхөгдөнгүүт зээл авсан хамсаатнуудыг АТГ-аас баривчлан шалгасан байдаг. Энэ үеэр түүнтэй олон жил ажиллаж, итгэж явсан Э.Чагнаасүрэнг баривчилжээ. Э.Чагнаасүрэн нь Л.Энхболдын үүсгэн байгуулсан “Ирээдүй инвест” ББСБ-д нягтлан бодогчоор ажилладаг байсан бөгөөд сүүлийн үед туслах, зөвлөхийн ажлыг нь хийж байжээ. 2016 онд Л.Энхболдыг УИХ-ын сонгуульд нэр дэвших үеэр 1.5 сая төгрөг хандивлаж, улмаар Л.Энхболдыг УИХ-ын гишүүн болоход нь сонгуулийн ажиллагаанд зүтгэсэн, хандив өргөсөн шанд гишүүний туслахаар нь ажиллах болжээ. Гэтэл Л.Энхболд түүнд “Чи миний өмнөөс хэрэг үүрчих, би ялгүй гаргаж өгөхийг хөөцөлдье” хэмээн ятгах болсон талаар tumen.mn сайтад мэдээлжээ. Тэнд “Тэр ч байтугай ЖДҮХС-гаас зээл авахдаа Э.Чагнаасүрэнгийн өндөр настай аав ээжийнх нь орон байрыг барьцаанд тавьсан байжээ. Ийнхүү туслахынхаа аав ээжийг ч орон гэргүй болгож, өөрийг нь шоронд явуулахаар санаархсан байна. Харин байдал бишдэж байгааг мэдсэн Э.Чагнаасүрэн 72 цаг саатуулагдахдаа хэргээ задалж, үнэнийг илчилжээ.
Энэ дагуу АТГ, Улсын мөрдөн байцаах газраас хэргийг дахин задлан мөрдөн шалгаж, хэргийн эзэн болох Л.Энхболдыг Х тайлантай компанийн нэр дээр ЖДҮХС-гаас удаа дараа зээл авч, бусдад өрөө барагдуулсан болохыг олж тогтоосон байдаг. Мөн өөрийн эзэмшлийн банк бус санхүүгийн байгууллагаараа өндөр хүүтэй зээл гаргаж, ашиг орлого олсон нь ч тогтоогджээ. Гэвч тэрээр туслах залуугаа удаа дараа ятгаж, “Чи миний өмнөөс хэрэг үүрчих, би албан тушаалтай болж байгаад чамайг ялгүй гаргаж өгнө, би удахгүй “Эрдэнэс Монгол” компанийн дэд захирлаар томилогдох гэж байгаа, тиймээс чи миний өмнөөс ял үүрчих” гэж ятгаж эхэлжээ” хэмээн бичжээ.
Сүүлийн үед яригдаад байгаа энэ мэдээллээр Л.Энхболд хэргээ иймэрхүү маягаар “сэгсэгчихээд” өөрөө “Эрдэнэс Монгол”-ын дэд захирал болохоор шийдсэн бололтой.

 

Эх сурвалж: aguulga.mn

SHARE