“МОБИКОМ НЭТВОРКС” КОМПАНИЙН ГОМДЛЫГ ХЭЛЭЛЦЭН ЗӨВЛӨМЖ ГАРГАВ

 

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбатын ахалдаг Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөл хоёрдугаар хуралдаанаа хийлээ.

Хуралдаанаар хэд хэдэн асуудал хэлэлцсэний нэг нь Японы хөрөнгө оруулалттай “Мобиком нэтворкс” компанийн гаргасан гомдол байлаа. Тус компани манай улсын нутаг дэвсгэрийг дамжин өнгөрөх улс хоорондын транзит урсгал дамжуулах үйлчилгээ эрхлэх нэмэлт тусгай зөвшөөрлөө Харилцаа холбооны зохицуулах газраас 2015 онд авсан байна.

Гэрээ байгуулснаас хойш нэг жилийн хугацаанд ажлаа эхэлсэн талаарх мэдээлэл, нотлох баримтуудаа ирүүлээгүй, тусгай зөвшөөрөл авснаас хойш үйл ажиллагаа явуулаагүй хэмээн Харилцаа холбооны зохицуулах хороо үзэж зөвшөөрлийг нь хүчингүй болгожээ. Гэхдээ зөвшөөрлөө авах хүсэлт гаргах эрх нь нээлттэй гэж үзсэн байна.

Үүнийг “Мобиком нэтворкс” компани үл хүлээн зөвшөөрч Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандсан. Мөн зөвшөөрлөө авснаас хойш гурван тэрбум гаруй төгрөгийн ажил хийгээд байгаа тухай мэдээ, баримтаа Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөлд ирүүлсэн байна.

Үүнтэй холбогдуулан:

–  Харилцаа холбооны зохицуулах хороо хууль зөрчиж гаргасан шийдвэрээ эргэж харах

–  “Мобиком нэтворкс” компани гэрээнд заасан үүргийнхээ дагуу ямар үйл ажиллагаа явуулсан, явуулж байгаа мэдээлэл, баримтаа Харилцаа холбооны зохицуулах хороонд тухай бүр нь мэдээлж, төрийн байгууллагын ажилд хүндэтгэлтэй хандах

–  Харилцаа холбооны зохицуулах хороо хуулийн хүрээнд ажиллах, чадавхиа эрс сайжруулж бэхжүүлэхийг Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөлөөс зөвлөмж болголоо.

Мөн хуралдаанаар хөрөнгө оруулалтын өнөөгийн байдал, эрх зүйн орчинг боловсронгуй болгохтой холбоотой хууль тогтоомжийн төсөл боловсруулах санал, олон улсын арбитр, олон улсын шүүхэд хэрэг маргаан үүсэхэд баримтлах журам зэргийн талаар санал солилцов. Холбогдох журмуудыг ойрын хугацаанд эцэслэн боловсруулж Засгийн газрын хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Түүнчлэн нисэх онгоцны шинэ буудлын менежментийн төслийг хэрэгжүүлэх талаар Японы талтай хийж байгаа хэлэлцээр, Япон-Монголын эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн талаар мэдээлэл сонслоо.

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат захирамжаар байгуулагдсан энэ Зөвлөл хөрөнгө оруулагчийн хууль ёсны эрх ашиг, сонирхлыг хамгаалах, хүнд суртал, хууль бус үйл ажиллагаатай холбоотой өргөдөл, гомдлыг шуурхай шийдвэрлэх, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зэрэг үүрэг хүлээдэг.

Зөвлөлд Сангийн сайд, ХЗДХЯ, БХБЯ, ЗТХЯ, УУХҮЯ, Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга, Ерөнхий сайдын зөвлөх, холбогдох яамдын газрын захирал, Үндэсний хөгжлийн газар, Хөгжлийн банк, МҮХАҮТ-ын удирдлага, төрийн бус байгууллагын төлөөлөл багтдаг юм хэмээн Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

SHARE