Ерөнхийлөгч”AZD1222″-ийг сонголоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга коронавируст цар тахлын эсрэг вакцин боловсруулж буй “AstraZeneca” компанийн удирдлагатай цахим уулзалт хийжээ. “AstraZeneca” компани, Оксфордын их сургуулийн хамтран боловсруулж буй “AZD1222” вакцин 70 хувийн үр дүнтэй байгааг тус компани арваннэгдүгээр сарын 23-нд мэдээлсэн юм.
Уулзалтаар Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Монгол Улсын хувьд хүн амын талаас илүү хувь нь нийслэлдээ төвлөрсөн байдаг нь өндөр эрсдэл дагуулж буй учраас коронавируст цар тахлын эсрэг вакцин гарсан даруйд нийт хүн амаа богино хугацаанд хамруулах нь чухал болоод байгаа бөгөөд тус компанийн боловсруулж буй вакциныг үйлдвэрлэж эхлэх үед тэргүүн ээлжинд худалдан авах сонирхлоо илэрхийлсэн байна. “AstraZeneca” компанийн зүгээс, Монгол Улсын Ерөнхийлөгч өөрийн биеэр ач холбогдол өгч, манай компанитай холбогдсонд туйлын баяртай байгаагаа илэрхийлж, коронавируст цар тахлын эсрэг вакциныг худалдаанд гармагц тэргүүн ээлжинд нийлүүлэх орнуудын жагсаалтад Монгол Улсыг багтаан, хамтран ажиллахаа илэрхийлжээ. Ийнхүү уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга “AstraZeneca” компанийн вакциныг худалдан авах асуудлаар Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комисст чиглэл өгч, бэлтгэл хангуулахаа мэдэгдсэн байна.
SHARE