Аваргуудын лигт анх удаа ерөнхий шүүгчээр эмэгтэй хүмүүн ажиллана

Европын хөлбөмбөгийн багуудын Аваргуудын лигийн найман Хэсгийн тавдугаар тойргийн 16 тоглолтоос найм нь өнөө (мягмар гараг) орой, маргааш орой найм нь (лхагва гарагт) болно. Европын хөлбөмбөгийн холбоо УЕФА-гаас өөрийн гишүүн 55 орны шилдэг багуудын аваргыг шалгаруулахаар 1955 оноос жил бүр зохион явуулж байгаа тус лигийн тэмцээнд анх удаа талбайн Ерөнхий шүүгчээр эмэгтэй шүүгч ажиллах боллоо. Францын шүүгч Стефани Фраппарыг “G” хэсгийн тавдугаар тойргийн Италын “Ювентус”-Украины “Динамо К” багийн тоглолтын Ерөнхий шүүгчээр УЕФА томилсон байна. Уг тоглолт Италын Турин хотын  “Альянц Арена” цэнгэлдэхэд лхагва гаргийн орой (манайхаар пүрэв гаргийн үүрийн 04.00 цагаас) болно.

Хоёр долоо хоногийн дараа Арванхоёрдугаар сарын 14-нд 37 насны төрсөн өдөр нь тохиох франц шүүгч Стефани Фраппар нь эрэгтэй  хөлбөмбөгчдийн том тоглолтод Ерөнхий шүүгч хийсэн анхны эмэгтэй шүүгч болж хөлбөмбөгийн түүхэнд бичигдсэн эмэгтэй юм. Тэрбээр 2019 оны Наймдугаар сарын 14-нд болсон УЕФА-гийн супер цомын “Ливерпүүл”-“Челси” багийн тоглолтод талбайн Ерөнхий шүүгчээр ажилласан. Франц шүүгч Стефани Фраппар нь маргаашнаас эрэгтэй хөлбөмбөгчдийн өөр нэг том тэмцээн-Аваргуудын лигт талбайд анх удаа гарсан “эмэгтэй Ерөнхий шүүгч” гэсэн алдрыг хүртэх боллоо.

SHARE