XII.2-ны “МЮ”- “ПСЖ” тоглолтоос эхлэн Англид цэнгэлдэхэд 2000-4000 үзэгчийг оруулна

Английн хоёр баг Европын хөлбөмбөгийн Аваргуудын лигийн хэсгийн тавдугаар тойрогт ирэх XII.2-нд тоглоно. Нийслэл Лондоны “Челси” баг Испани руу зочлон явж “Севилья”-тай талбайд нь тоглоно. Харин Манчестэр хотын “Манчестэр Юнайтед” өөрийн “Олд Траффорд” цэнгэлдэхдээ Францын “ПСЖ” багийг хүлээн авна. Коронавирусийн цар тахал дэгдэснээс үүдэж Англид спортын уралдаан, тэмцээн нэг ч үзэгчгүй хоосон цэнгэлдэх, танхимд болж байгаад цэг тавьж, эерэг салхийг хагалж тус улсад анх удаа ЭНЭ ТОГЛОЛТ  ҮЗЭГЧТЭЙ болох нөхцөл бүрдлээ.

Их Британийн Ерөнхий сайд Б.Жонсон нь Англид ирэх XII.1-ий өдрийг дуустал улс даяар тогтоосон Коронавирусийн цар тахлаас хамгаалах хорио цээрийн дэглэмийг өндөрлүүлсний дараа буюу XII.2-ноос хойших хугацаанд үргэлжлүүлэн хөнгөлөлттэй ямар хязгаарлалт хийх вэ гэдгээ зарлалаа. Түүний хэлснээр бол, Английн бүх нутаг дэвсгэрийг Ковид-19-ийн халдварын тархалтын байдлаас хамааруулж гурван түвшинд хуваана. Нэгдүгээр түвшний бүс нутагт спортын уралдаан, тэмцээний үеэр цэнгэлдэх, заал танхимд 4 мянга хүртэл тооны үзэгч байхыг зөвшөөрнө. Хоёр дахь түвшнийхэд нь 2 мянгаас илүүгүй, цөөн үзэгч байхыг зөвшөөрнө. Гурав дахь буюу эрсдэл ихтэй түвшний бүс нутагт спортын тэмцээн, уралдааны үеэр нэг ч үзэгч нэвтрүүлэхгүй байх журмыг мөрдөх ажээ.

Гурван түвшний бүс нутгийн хуваарилалтыг Арваннэгдүгээр сарын 26-ны пүрэв гарагт албан ёсоор зарлах бөгөөд Манчестер хот нэг, хоёрдугаар бүсийн алинд багтахаас хамаарч хөлбөмбөгийн “Манчестэр Юнайтед”-“ПСЖ” тоглолтын үеэр цэнгэлдэхийн суудалд суух үзэгчдийн тоо нь урьдчилан тодорхой болно.

Энэ тоглолтын дараа XII.5, XII.6-ны амралтын өдрүүдэд зохиогдох Английн хөлбөмбөгийн АШТ-ий 11 дүгээр тойргоос эхлэн Премьер лигийн 20 багийн тоглолтууд цаашид цэнгэлдэхдээ үзэгчтэй болохоор ийнхүү урьдчилан шийдэгдлээ. Харин тухайн багийн хот нь нэг, хоёрдугаар бүсийн алинд нь багтсанаас хамаарч тоглолтыг биечлэн үзэхээр цэнгэлдэхэд ирэх хөгжөөн дэмжигчдийн тоо 4000, эсвэл 2000 байх нь шийдэгдэнэ.

 

SHARE