Дархан-Уул аймагт өрхийн нэг хүнийг шинжилгээнд хамруулж эхэлжээ

Дархан-Уул аймагт өнөөдрөөс нэг өрхийн нэг хүнийг шинжилгээнд хамруулж эхэлжээ. Оршин суугчид нийгмийн харилцаанд хамгийн их ордог иргэнээ сонгож, Сovid-19 илрүүлэх шинжилгээнд хамруулахыг тус аймгийн Онцгой комиссоос мэдээлэв. Тус комиссын өчигдрийн хуралдаанаар өрх бүрийн гишүүнээс хэрхэн шинжилгээ авах талаар шийдвэрийг гаргасан байна. Тус аймгийн Засаг дарга Б.Азжаргал өчигдөр  22.00 цагт мэдээлэл өгөхдөө “Аймгийн хэмжээнд шинжилгээ авах ажлыг гурав хоногт зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангасан. Одоогоор Сovid-19 халдварын батлагдсан тохиолдол шинээр илрээгүй” гэлээ. Covid-19-ийг илрүүлэх шинжилгээг Дархан-Уул аймгийн хэмжээнд сонгуулийн үеэр санал авч байсан хэсгийн хороодод авах аж. Иргэд ч бас сонгуульд санал өгч байсан зарчмаар шинжилгээ өгөх гэнэ. Тус аймгийн хэмжээнд 28300 айл өрхийн 100 гаруй мянган иргэн оршин суудаг. Өнгөрсөн хугацаанд нийт 22510 иргэнд шинжилгээ хийснээс батлагдсан 20 тохиолдол ХӨСҮТ-д эмчлүүлж байгаа юм.

SHARE