Хөл хорионд гэртээ суухдаа 13 өдөр дараалан Английн хөлбөмбөгтэй хамтдаа

Европын Холбооны гишүүн улс орнууд Коронавирусийн хоёр дахь шинэ давалгаанаас иргэдээ хамгаалахын тулд 11 дүгээр сард хөл хорио тогтоож, тус тусынхаа онцлогт тохируулсан өөр хоорондоо ялимгүй зөрүүтэй дэглэмийг мөрдөж байна. Эдгээр улс гүрнүүд хөл хорионы үеэр гэртээ суугаа иргэдээ стрессгүй байлгах хамгийн нөлөөт аргаар тэдний үзэх дуртай хөлбөмбөгийн тоглолтуудыг өдөр бүр нэг ч үзэгчгүй хоосон ч гэлээ хамаагүй, цэнгэлдэхэд зохион явуулж, түүнийгээ телевизээр шууд дамжуулан үзүүлэхийг сонгожээ. Хөлбөмбөгийн спорт нь үндэсний бахархал болсон Англи, Испани, Герман, Итал, Франц тэргүүтэй шилдэг лигтэй улсын АШТ-ий тоглолтууд өнөөдрөөс эхлэн ирэх 12 дугаар сар эхлэх, өөрөөр хэлбэл нэгэнт хэрэгжиж буй хөл хорионы дэглэм өндөрлөх хүртэл өдөр бүр алгасахгүй шахам зохиогдох хуваарь гарчээ.

Тухайлбал, Английн хөлбөмбөгийн багууд XI.21-нээс XII.03-ны хооронд Премьер лиг, Аваргуудын лиг, Европын лигт доорх хуваариар өдөр бүр оролцож тоглоно. Дашрамд онцлоход, манай спортын SPS сувгаар эдгээр гурван лигийн тоглолтуудыг шууд дамжуулдаг учраас тэртээ холын Европчууд төдийгүй энд гэртээ хөл хорионд орсон хөлбөмбөгийн хорхойтон монголчууд бидэнд чөлөөт цагаа стрессгүй өнгөрөөх сайхан аз завшаан тохиож байна.

  • 21, бямба гараг — Премьер лигийн тоглолт
  • 22, ням гараг — Премьер лигийн тоглолт
  • 23, даваа гараг — Премьер лигийн тоглолт
  • 24, мягмар гараг — Аваргуудын лигийн тоглолт
  • 25, лхагва гараг — Аваргуудын лигийн тоглолт
  • 26, пүрэв гараг — Европын лигийн тоглолт
  • 27, баасан гараг — Премьер лигийн тоглолт
  • 28, бямба гараг — Премьер лигийн тоглолт
  • 29, ням гараг — Премьер лигийн тоглолт
  • 30, даваа гараг — Премьер лигийн тоглолт
  • 1, мягмар гараг — Аваргуудын лигийн тоглолт
  • 2, лхагва гараг — Аваргуудын лигийн тоглолт
  • 3, пүрэв гараг — Европын лигийн тоглолт болно.

Коронавирусийн цар тахал Европын багийн хөлбөмбөгчдийг тойролгүй бас “дайрч” байгаа. Итал улсын лиг гэхэд хөлбөмбөгийн 20 багаас “Удинезе”-гээс бусад 19-ийнх нь нийт 103 тоглогч Ковид-19-ийн халдвар авсан бөгөөд одоо заримынх нь эмчилгээ тусгаарлалт үргэлжилж байна. Европын хөлбөмбөгийн холбооны гишүүн 55 орны лиг болон бусад тэмцээний тоглолтууд нэг ч үзэгчгүй хоосон цэнгэлдэхэд болж буйгаас хөлбөмбөгийн багууд санхүүгийн асар их алдагдал хүлээж буй. Гэсэн хэдий ч Дэлхий даяар Коронавирусийн цар тахалтай тэмцэж байгаа өнөө цаг дор хөл хорионд орсон ард олныг стрессгүй байлгахад тодорхой хэмжээнд тус нэмэр болгох үүднээс хөлбөмбөгийн тоглолтуудыг зохион явуулж телевизээр дамжуулан гэрт нь үзүүлж байгаа билээ.

SHARE