ПАРЛАМЕНТ УУ, ПРОДАКШН УУ

Уг нь бид таван сарын өмнө улс удирдуулж, хууль батлуулахаар 76 гишүүн сонгож гаргасан юм. Андуурсан бололтой. Тэд маань хууль тогтоогчид бус шавхагдашгүй авьяастай уран бүтээлчид ажээ. Өчигдрийн чуулганаас дөрвөн ч үзүүлбэр үзэж сонирхлоо.
Баянголын С.Одонтуяа, Хан-Уулын Д.Сарангэрэл хоёр хэрэлдэж УИХ-ын дарга Баянхонгорын Г.Занданшатар “Охид оо болиорой” гэж маргаан тасалж харагдав. Баянхонгорын Д.Ганбат босч ирээд сүүлийн үед сошиалын трэнд болсон япон дарга маягаар “Уучлаарай” гэлээ. Дарханы Г.Дамдинням “Би УИХ-ын гишүүн. Гэтэл танай цагдаа намайг 30 минут хүлээлгэсэн” гэж сайд Сонгинохайрханы Х.Нямбаатарт ховлов. Нөгөөх нь “Тэр цагдааг олж шалгана” гэлээ. Сүхбаатар дүүргийн Ц.Мөнхцэцэг үг хэлж дуусаад дүрсээ үлдээгээд босч явав.
Хэдхээн хоногийн өмнө Булганы Ж.Бат-Эрдэнэ цахим чуулганд цагаан цамц зангиатай сууж байснаа камераа унтраалгүй бандааштайгаа босч гүйгээд баригдав. Өөр үзүүлбэр өмнө нь зөндөө л үзлээ. Өмнөх парламентуудыг бид гоочлоод л байдаг байв. Тэд гурилддаг байж. Одоогийнх бол төгсөхчихөж… Аягүй бол энэ парламентаас хошин шогийн хэдэн продакшн гарах даг шүү. Эд нар маань ердөө 5 сар болж байна. Дахиад 3.6 жил дутуу… Бид ч их юм үзэх нь дээ…
Эх сурвалж: Aguulga.mn
SHARE