Африкийн хамгийн эртний улс Этиоп Югославын хувь тавиланг давтаж болзошгүй

Этиоп буюу Африк тивийн хамгийн эртний төрт улсад иргэний дайн дэгдэж, Югославын хувь тавиланг давтан салан бутарч болзошгүй болсон тухай “ВВС” агентлаг улаымжиллаа.

Тус улсад энэ сарын 4-нөөс эхлэн Засгийн газрын цэргүүд болон “Тиграйг чөлөөлөх ардын фронт”-ын дайчдын хооронд зэвсэгт мөргөлдөөн эхэлсэн билээ. Хоёр долоо хоногийн турш үргэлжилж буй байлдааны ажиллагааны үеэр олон зуун хүн амь үрэгдэж, хэдэн мянган хүн дүрвэн хөрш зэргэлдээ Суданд хоргодоход хүрчээ.

Өнгөрсөн жил олон жил үргэлжилсэн Этиоп, Эритрейн зөрчилдөөнийг зогсоон Нобелийн энх тайвны шагнал хүртсэн тус улсын Ерөнхий сайд Абий Ахмед Али дэлхийн хамтын нийгэмлэгийн гал зогсоох уриалгыг үл тоомсорлож байгаа аж. Харин “Тиграйг чөлөөлөх ардын фронт”-ын удирдлага ялалт байгуулах хүртэл дайтна гэдгээ мэдэгджээ.

Этиоп нь колоничлолд өртөөгүй Африкийн хоёрхон улсын нэг бөгөөд хоёр мянга гаруй жилийн төрт улсын түүхтэй билээ. 110 сая хүн амтай Этиоп нь энэ үзүүлэлтээр Африкт Нигерийн дараа ордог ажээ.

 

Б.Төгсөө

 

 

SHARE