У.Хүрэлсүхийг огцруулах саналыг Б.Чойжилсүрэн, С.Бямбацогт, Ц,Даваасүрэн нар өргөн барих уу

“Монголын Засгийн газар уг нь дөрвөн жилийн хугацаатай ажиллах боломжтой ч хоёр жил болоод солигддог” гэдэг болсон. Гадаад, дотоодгүй ингэж ярина. Үнэхээр ч 2012 оноос иймэрхүү давтамжтай болчихсон. Харин 2020 оны сонгуульд МАН илт давуу ялж, МАН-ын дарга У.Хүрэлсүх нь Ерөнхий сайдаар улиран сонгогдсоны дараа “Засгийн газар хоёр жилийн настай байдаг цаг дууслаа” гэцгээсэн. Гэтэл үгүй бололтой. УИХ-ын нэр бүхий МАН-ын гишүүд намынхаа даргынхаа тэргүүлсэн Засгийн газрыг огцруулахаар ярьж эхэлжээ. Ийм мэдээлэл гараад нэлээд хэд хонож байна.

 

Тэдгээр гишүүд “У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газрын санхүү, эдийн засгийн бодлого муу”, “Коронавирусээс хамгаалах ажлыг муу зохион байгуулж, халдварыг эх орондоо алдаж эдийн засгийн асар том цохилтод орсон” зэрэг шалтгаануудыг үндэс болгох ажээ. УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн, С.Бямбацогт, Ц.Даваасүрэн нараас ийм санаачилга гарч байгаа бололтой. Хэрвээ тэд УИХ-ын 19, түүнээс дээш гишүүнийг “элсүүлж” саналд гарын үсэг зуруулж дөнгөвөл удахгүй Ерөнхий сайдыг огцруулах саналыг УИХ-д өргөн барина гэсэн үг. Үндсэн хуульд 2019 оны арваннэгдүгээр сарын 14-нд оруулсан өөрчлөлтөөр тус хуулийн дөчин гуравдугаар зүйлд “УИХ-ын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь Ерөнхий сайдыг огцруулах саналыг албан ёсоор тавибал УИХ гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн арав хоногийн дотор шийдвэрлэнэ. УИХ-ын нийт гишүүний олонхи уг саналыг дэмжсэн бол Ерөнхий сайдыг огцруулах тухай УИХ-ын тогтоол баталсанд тооцож, шинэ Ерөнхий сайдыг гуч хоногийн дотор томилно. …Ерөнхий сайд огцорвол Засгийн газар бүрэлдэхүүнээрээ огцорно” гэж заасан байдаг билээ.

 

Эх сурвалж: Aguulga.mn

SHARE