Халдвар 21-ээр нэмэгджээ

Эрүүл мэндийн яамнаас Covid-19-ийн халдварын нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллээ хийлээ.

ХӨСҮТ-ийн тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэмаа “2020 оны арваннэгдүгээр сарын 17-нд ХӨСҮТ-ийн Вирус судлалын хоёр лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори, Дорнод, Дархан-Уул аймгийн салбар лабораторид нийт 1643 хүнд шинжилгээ хийхэд 20 хүнээс вирус илэрлээ. Замын-Үүд болон Алтанбулаг боомтоор орж ирсэн 66 хүний давтан шинжилгээ, тусгаарлах байранд үүрэг гүйцэтгэсэн 10 эмч, ажилтан, Дорнод аймагт тандалтын зорилгоор хийсэн долоон хүний шинжилгээнд вирус илрээгүй. Харин Монгол Улсад бүртгэгдээд буй багц өвчлөлийн голомтод хийсэн судалгаагаар нийслэлийн голомтын ойрын хавьтал 529 хүнд шинжилгээ хийхэд таван хүнээс вирус илэрсэн. Ингэснээр нийслэлийн батлагдсан тохиолдол 15 боллоо. Хоёрдогч хавьтал 3710 хүний шинжилгээнээс вирус илрээгүй.

Сэлэнгэ аймагт хоёр баг ажиллаж, 300 гаруй хүнд шинжилгээ хийхэд шинээр зургаан тохиолдол нэмж бүртгэгдэж, нийт 10 тохиолдол боллоо. Төмөр зам дагуу төв суурин газрын иргэдийг сайн дурын шинжилгээнд хамрагдахыг хүсье. Говьсүмбэр аймагт нэг тохиолдол нэмж бүртгэгдэж, Монгол Улсын дотоодод батлагдсан тохиолдол 30 болсон. Төмөр зам дагуух суурин газарт 15, Улаанбаатар хотод 15 тохиолдол тус тус бүртгэгдээд байна. Тандалт судалгааг эрчимтэй хийж байна. Амны хаалтаа зүүх, гараа сайн угааж, гэрээсээ битгий гараарай.

Монгол Улсад Covid-19-ийн нийт батлагдсан 455 тохиолдол болж, 329 хүн нь эдгэрсэн. Нийт 310 хүний ажиглалт хяналтын хугацаа дуусч, сувиллын ажиглалтад 17 хүн, гэрийн ажиглалтад хоёр хүн, нутаг буцсан долоон хүн байна. ХӨСҮТ-ийн клиникт нийт 119 батлагдсан тохиолдол эмчлэгдэж байна. Биеийн байдал хүн гурав, хүндэвтэр 22, хөнгөн 94 хүн байна. Нийтдээ 183 хүн ХӨСҮТ-ийн ажиглалт, эмчилгээнд байна” гэв.

ЭМЯ-ны олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Монгол Улсад одоогийн байдлаар Covid-19-ийн батлагдсан тохиолдол 455 болж, өмнөх өдрүүдээс 21 тохиолдлоор нэмэгдлээ. Улаанбаатар, Сэлэнгэ, Дархан-Уул болон Говьсүмбэр аймагт халдварын голомтод багц хэлбэрээр бүртгэгдээд байна. Эрсдэлтэй тохиолдолд гэртээ хүн хоорондын зай барих шаардлагатай. Та бүхэн халдвараас сэргийлэх чухал арга бол гэртээ байх хэрэгтэй. Нийслэлийн 18 цэгт түргэвчилсэн оношлуураар 9200 гаруй хүн шинжилгээ өгсөн байна. ЗӨСҮТ-ийн дөрвөн баг шинээр халдвар гарсан 29 газарт ариутгал халдваргүйтгэлийг хийсэн. Мөн тусгай 119 дугаарт 7239 хүн хандаж зөвлөгөө авсан. Мөн халдвараас хамгаалах тусгай хувцас хэрэгслийг эмч мэргэжилтнүүдээс бусад хүмүүс өмсөх шаардлагагүй” хэмээсэн юм.

 

УОК-ын шуурхай Штабын дарга, хурандаа Б.Ууганбаяр “Улсын хэмжээнд 44 тусгаарлах байранд 1981 иргэн тусгаарлагдаж байна. Улаанбаатар хотын 26 байранд 1520 хүн, орон нутагт 13 хүнд 461 хүн тусгаарлагдаж байна. ХӨСҮТ-ийн тандалтаар хавьтал болсон 85 иргэнийг тусгаарлалаа. Арваннэгдүгээр сарын 10-наас хойш нийт 664 хавьтлыг илрүүлж, ажиглаж байна. Эдгээрт онцгой байдлын 67, цагдаагийн 187, эрүүл мэндийн 96 ажилтан нийт 344 төрийн албан хаагч үүрэг гүйцэтгэж байна. ХӨСҮТ-ийн үйл ажиллагаа ачаалалтай болж, хүн хүч, машин техникээр ханган ажиллаж байна. Тусгаарлан ажиглах байрны нөөц судалгааг хийж байна. Өчигдөр тусгаарлалтын байрнаас “White house” зочид буудлаас 85 иргэн, “Орентал” зочид буудлаас гурван иргэн, Сэлэнгэ аймаг нэг иргэн тусгаарлалтаас гарсан.  Гэрийн хатуу дэглэмийг 14 хоног сахих гарын үсэг зуруулсан. Өнөөдөр ХӨСҮТ-ийн шинжилгээний дүнг үндэслэн 167 хүн гэрийн ажиглалтад шилжинэ. Өчигдөр Цэргийн төв эмнэлэгт бага насны хүүхэд өлсөж байгаа талаар олон нийтийн сүлжээнд цацагдсан байсан. Хяналт тавихад хоолны цэсийг гаргахад хүүхдэд үйлчилж буй нэг өдөрт цай, боорцог, бин, гоймонтой хуурга, гурвалжин будаатай хуурга, шөл, өгч байгааг тогтоосон. Төгсгөлд нь хэлэхэд бид хэн нэгэн хүн, албан байгууллагыг шүүмжлэхээсээ илүү эв нэгдэлтэй байж даван туулна” хэмээн мэдээллэв.

SHARE