КОВИД-19-өөс болж нэг жил хойшилсон “Евро-2020”-ын оноолт гарлаа

Коронавирусийн цар тахлаас үүдэж 2020 оны зун болох байсан спортын хоёр том тэмцээн –Токиогийн Олимпын наадам, хөлбөмбөгийн Европ тивийн аварга шалгаруулах тэмцээн (АШТ) бүтэн нэг жилээр хойшилж ирэх 2021 оны зун зохиогдох болсон билээ. Европын хөлбөмбөгийн холбоо (УЕФА)-ны гишүүн  55 орны багаас шигшээ 24-т шалгарахын төлөөх урьдчилсан тоглолтууд  өндөрлөв. Буурал тивийн хөлбөмбөгийн энэ удаагийн АШТ-ий аваргын төлөө өрсөлдөх шилдэг 24 баг зургаан хэсэг болон дөрөв дөрвөөрөө тоглох оноолт гарлаа.

2021 оны VI.11-нээс  VII.11-нд Европ тивийн нийт 12 улсын 12 хотын төв цэнгэлдэхэд болох АШТ-ий

  • “А” хэсэгт Итал, Турк, Уэльс, Швейцар.
  • “В” хэсэгт Бельги, ОХУ, Дани, Финланд,
  • “С” хэсэгт Украин, Нидерланд, Австри, Хойд Македони.
  • “D” хэсэгт Англи, Хорват, Чех, Шотланд.
  • “Е” хэсэгт Испани, Швед, Польш, Словак.
  • “F” хэсэгт Герман, Португал, Франц, Унгарын баг тоглоно.

Хэсэгтээ нэг, хоёрдугаар байр эзэлсэн хоёр, бүгд 12 баг, дээр нь зургаан хэсгийн гуравдугаар байрт орсон хамгийн сайн үзүүлэлттэй 4 баг, нийт 16 орны хөлбөмбөгчид шөвгийн 16-д шалгарах юм. Цаашаа плей-оффын 1/8, 1/4, 1/2 хасагдах шатанд өрсөлдөж финалд шалгарсан хоёр баг VII.11-нд Английн Лондон хотноо алдарт “Уэмбли” цэнгэлдэхэд аваргын алтан медалийн төлөө тоглоно.

УЕФА-гаас 2012 онд онцгой шийдвэр гаргасан нь, 1960 онд хөлбөмбөгийн Европын АШТ-ийг анх удаа зохион явуулсны 60 жилийг ойг тохиолдуулан энэ удаагийн АШТ-ийг тус тивийн нийт 12 улсад хийх тухай юм. Хөлбөмбөгийн тоглолт болох орон нь: Азербайжан,  Англи, Унгар,  Герман,  Дани,  Ирланд,  Испани,  Итал,  Нидерланд,  ОХУ,  Румын,  Шотланд.

 

SHARE