О.Баасанхүү: Б.Хурц нар илэрсэн тагнуулууд л болчихлоо

“…Хэвлэлд яриа өгөх заримдаа нэлээд хэцүү. Ярьсан яриа нэлээд тануулдаг. Сонинд тавиулах ярианы танагдсан хэсэг” гэсэн тайлбарыг УИХ-ын гишүүн О.Баасанхүү хийжээ.

 

Тэрхүү “танагдсан хэсэг”-т юу өгүүлснээ тэр олон нийтэд хүргэж буй аж.

-Хүмүүс намайг гайхаад байдаг юм. Та яагаад Санжаасүрэнгийн Зоригийн хэргийг хааяа сонирхоод байдаг юм бэ гэж. Нэгдүгээрт, би 1998 онд Санжаасүрэнгийн Зориг гэдэг хүнээс АН-ын батлахыг гардан авч байсан. Тэр үед Философийн танхимд Должинсүрэнгийн Баттөмөр гэдэг хүний хүсэлтээр оюутан байхдаа авч байлаа.

Дараа нь 2000-2020 он хүртэл Булган гэж хүний хажуу талын орцонд амьдарч байна. Ганц гэрч Булган гэдэг хүний хажуу талын орцонд өнөөдрийг хүртэл амьдарч байна.

Бас 2016-2020 онд алуурчин гэж нэрлэгдэж байгаа Содномдаржаа, Чимгээ нарын амьдарч байсан газраас нь УИХ-ын гишүүнээр сонгогдож гарсан. Тэр үед чинь жижигрүүлсэн тойрог байсан учраас би яг тэр Их залуу гэдэг багаас нь гарсан. Тэгэхээр надад энэ хэргийг анхаарах олон шалтгаан байгаа биз.

Би Хурц гэж хүнд хэлж байсан юм. Та бол жинхэнэ генерал юм даа гэж. Яагаад би энэ хүнийг жинхэнэ генерал юм даа гэж хэлсэн гэвэл Чимгээ, Содномдаржаа нарыг гэмт хэрэг хийсэн гэдэгт би огт эргэлздэггүй.

Гагцхүү гэмт хэргийг илрүүлэхдээ байцаан шийтгэх хууль зөрчих, өөрт олгогдсон эрхээ хэтрүүлсэн байна гэж боддог. Би нэг юмыг гайхаад байдаг юм. Энэ хэргийг яагаад ил болгодоггүй юм бол гэж. Нөгөө талынх нь ганц л юм хэлдэг шүү дээ. Энэ хэрэг илэрсэн юм бол одоо олон нийтэд ил болгочихооч ээ гэж.

Тэр үед Булган юу гэж ярьсан юм, Чимгээ, Содномдаржаа юу ярьсан юм бол. Шинжээч, гэрч нь бас юу ярьсан юм бол гээд бүгд энэ тухай мэдмээр байна.

Гэтэл гэмт хэрэгтнүүдийг шоронд зургаан хоног хорьсон тухай асуудлыг хараад л бид нар ёстой аймшигтай гээд л яриад байгаа. Нэг талынхны тайлбараар насанд хүрээгүй хүн хэрэг хийдэггүй, малчин жолооч хэрэг хийдэггүй гээд л яриад байдаг. Малчин байсан ч юм уу, үгүй ч юм билүү хэн ч мэдэхгүй ш дээ. Би нэг юмыг сайн мэдэж байна.

2018 онд 30 орчим удаа хутгалуулж амиа алдсан хүний хэрэг илэрсэн. Тэр хэрэг 1998 оны 12 сард үйлдэгдсэн хэрэг байсан. 20 жилийн дараа илэрлээ. Тэр хэргийг насанд хүрээгүй хүүхэд үйлдсэн байдаг. Тэр үеийн мөрдөгч нар тийм л мундаг байсан бол энэ насанд хүрээгүй хүүхдийн хийсэн хэргийг яагаад илрүүлээгүй юм.

Нөгөө яриад байдаг хурандаа Жамьянсэнгээ, Мөрөн гээд хүмүүс чинь тэр үедээ тийм мундаг мөрдөгч нар байсан юм бол Зоригийн хэргийг больё, яагаад энэ насанд хүрээгүй хүүхдийн хэргийг илрүүлээгүй юм. Тухайн үеийн 1998 оны мөрдөгч нарыг гайхалтай сайн мөрдөгч нар байсан гэж бодохгүй байна. Тэр үеийн мөрдөгч нар одоогийн мөрдөгч нарын хажууд бол хурууны хээгээсээ дээшээ ахихаар технологи байгаагүй ш дээ. Гадаад, дотоодод сургууль төгсөөгүй. Оросын школоос өөр юм байхгүй. Юугаараа гайхалтай байгаад байгаа юм.

Үнэнтэй эвлэрэх хэрэгтэй. Анхны шинэ Эрүүгийн хуулийн хуульч нар чинь бид нар. Би 1993 онд Их сургуульд орсон. 1995 онд намайг оюутан байхад анхны шинэ Эрүүгийн хууль гарсан. Би 1997 оны өмгөөлөгч гэдэг чинь анхны шинэ Эрүүгийн хуулийн өмгөөлөгч.

Ер нь энэ хэрэг хэзээ нэгэн цагт нарийн илрэх нь ойлгомжтой. Өвөө нар тэтгэвэртээ гарч, нөлөөлөл нь зайлж байж л энэ хэрэг тодорхой болно гэж боддог.

 

-Хэрэг яагаад илрэхгүй, шийдэгдэхгүй юун дээр удаад байгаа гэж та бодож байна. Энэ хэрэг цаашид яаж шийдэгдэх бол?

-Энэ хэрэг шүүхээр яаж ч шийдэгдэж болно. Чимгээ, Содномдаржааг суллаж болно. Нэг л үнэн бол. 2000 онд ҮАБ-ын гурван гишүүн МАН байсан. 2009 он хүртэл ҮАБ-ын гурван гишүүн гурвуулаа бас л МАН байсан. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Их хурлын дарга гээд Үндэсний аюулгүй байдлын дарга нар байхдаа энэ хэргийг илрүүлэхгүй яасан юм.

Одоо 2016 онд Халтмаагийн Баттулга, У.Хүрэлсүх, Занданшатар гээд гурван хүн төрсөн ах дүү шигээ хамтдаа ойлголцоод явж байна. Тэгвэл энэ хэргийг яагаад илрүүлэхгүй байгаа юм.

Хэн алсан юм гэдгийг яагаад гаргахгүй, яагаад ил тод ярихгүй байгаа юм. Би бол Хурц тэргүүтэй хүмүүсийг өмөөрч яриагүй. Тэгээд ч Э.Х 251 ээр мөрдөгч ял авах ёстой. Мөрдөх албаны дарга цагаадсан гэхээр угаасаа ял өгөх нь утгагүй. Харин энэ хүмүүс гүйцэтгэх ажиллагааны алдаа гаргасан.

Уг нь аливаа Тагнуулын байгууллагын гүйцэтгэх ажиллагаа нь илрэх ёсгүй байдаг. Гэтэл үүнийг тухайн үеийн Тагнуулын байгууллагад байсан хэн нэгэн үүнийг зохион байгуулалтайгаар илчилсэн. Нэг ёсондоо Хурц нар бол илэрсэн тагнуулууд л болчихлоо шүү дээ. Ер нь аль нэг улсад тагнуулын даргаа шоронд хийж байсан түүхийг би санахгүй юм байна.

Тэр дундаа Тагнуулын дарга гэдэг бол үх, эвсэл амьдар гэдэг ийм зарчмаар явж ирсэн. Төрийн маш нууц, хар хайрцгийг авч явдаг байгууллага шүү дээ. Төр нь тагнуулчдаа уг нь хамгаалдаггүй юмаа гэхэд илчилддэггүй байх ёстой.

 

-Санжаасүрэнгийн Зориг агсаны хэргийг нууцын зэрэглэлээс гарах хэрэгтэй гэж таны хэлдэг үнэн. Маш олон хүн энэ хэргийг мэдмээр байгаа…?

-Би Намбарын Энхбаяр гэдэг хүний өмгөөлөгч байсан. Дараа нь нүүрсний гэгдэх Ж.Гансүхийн хэргийг би хөөцөлдөж хэвлэл мэдээллээр гаргуулж олны анхааралд оруулж байсан. Сая “Жи-Тайм”-ын хэрэг дээр стратегийн өмгөөлөл хийгээд хэвлэлээр гаргууллаа. “Жи- Тайм”-ын хэрэг бол маш ноцтой хэрэг байсан.

Эрдэнэтийн нөлөө бүхий хууль, шүүх, тагнуулд ажилладаг гарууд нийлж байгаад Эрдэнэтийн 4000, Монгол Улсын 11 мянган хүнийг залилан мэхэлж 20, 30 тэрбум төгрөгийг авсан асуудал. Тэд нар зохион байгуулалтаар Казакстан улсын иргэн Ж.Маратыг хилээр зугтаалгасан. Энэ хэрэг гацсан байсныг би хөөцөлдөж байж шийдвэрлүүлсэн. Олон ч дайсантай болсон доо. Магадгүй миний ялагдлын нэг шалтгаан энэ хэргийг хөөцөлдөж, араас нь явснаас болсон ч байж магадгүй.

Ер нь олны дуулиантай хэргүүдийг хэвлэл мэдээллээр цацдаг баймаар байна. Жишээлбэл, энэ яриад байгаа С.Зоригийн хэрэг, “Жаст”-ийн Батхүү, ЖДҮ, Санжийн Баяр, Баярцогтын хэргүүдийг юуг нь нууцалдаг юм бэ. Олон нийт энэ хүмүүсийг танина. Шүүх хурлыг хаалттай хийж юу нуугаад байгаа юм. Энэ шүүгдэж байгаа хүмүүст ч гомдол байгаад байна. Ард нийтээрээ шүүе л дээ. Дэлхийн чиг хандлагаар олон нийтийн анхааралд байгаа ийм хэргүүдийг ард түмэн шүүдэг байхгүй юу. Хуулийн заалт хэрэглэх эрхийг л хуульч буюу шүүгч эдэлдэг. Гэмт буруутай гэвэл хуулийн заалтыг нь хараад тохирох ялыг нь оноодог. Харин манайд шүүх гэмт буруутайг нь баталчихсан, маргааш өглөө яваад очихоор нь чамайг гэмт буруутай гэсэн юм чинь гээд ялладаг. Ийм хошин байж болохгүй. Гэмт буруутай эсэхийг хөндлөнгийн хүмүүс мэдэх ёстой.

 

-С.Зоригийг хөнөөсөн хэрэгт захиалагч гэж ер нь байгаа юм уу?

-Энэ тухай ТЕГ-аас асуух ёстой. Алуурчныг хайж байгаа юм уу, та нар захиалагчийг хайж байгаа юм уу гэж. Алуурчныг хайж байгаа юм бол Чимгээ, Содномдаржаа нар хэрэг хийгээгүй гэсэн үг. Захиалагчийг хайж байгаа гэвэл энэ хүмүүс хийсэн гэсэн үг. Миний дуулснаар ТЕГ дээр эрүүгийн хэрэг хэрэгсэхгүй болоогүй. Энэ хэрэг хаагдаагүй, шалгагдаж байгаа гэж би ойлгож байгаа.

SHARE