“Арева Монгол” компаниас Монгол Улсад төлөх 16.2 тэрбум төгрөгийн татварыг 1.7 тэрбум болтол бууруулжээ

“Арева” групп 2007 онд “Ийст Эйша Минэралс Энержи компанийг худалдан авч 2008 оны 3 дугаар сард нэрийг нь “Арева Монгол” ХХК  болгон өөрчилсөн.

Өөрөөр хэлбэл “Арева Монгол” ХХК  нь Монгол дахь үйл ажиллагааг хариуцаж ажилладаг.

2009 оны 12 дугаар сард “Арева” групп Монгол Улс дахь  ураны хайгуулын үйл ажиллагааг хамтран санхүүжүүлэх зорилгоор “Мицубиши” корпорацитай гэрээ байгуулж, “Арева Монгол” ХХК-ийн  хувьцааны 34 хувийг эзэмших опционы эрхийг “Мицубиши” корпорацид олгосон.

2011 оны 11 дүгээр сард “Мицубиши” корпораци нь “Арева Монгол” ХХК-ийн  хувьцааг эзэмших опционы эрхээ  хэрэгжүүлснээр энэхүү төслийн хамтрагч  болсон юм. “Мицубиши” корпорацийн энэхүү хувь эзэмшлийг Монгол Улсын Засгийн газар  2013 оны 9 дүгээр сард батламжилсан нь мөн оны 11 дүгээр сард хэрэгжсэн байдаг.

Түүнээс хойшх уул уурхайн төслүүдийнх нь үйл ажиллагааны сайн хийгээд саар талуудыг монголчууд сайн мэднэ.

Aguulga.mn сайт энэ удаад “Арева Монгол” ХХК-тай холбоотой нэгэн мэдээллийг хүргэх гэж байна.

Монгол Улсын ТЕГ-аас “Арева Монгол” ХХК-ийн  2013-2017 оны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд 2018 оны 6-7 сард иж бүрэн шалгалт хийжээ.

Ингээд 2018 оны 7 дугаар сарын 9-ний өдөр 147.4 тэрбум төгрөгийн зөрчил илрүүлж, түүнд ногдох 16.2 тэрбум төгрөгийн төлбөрийг ногдуулсан байна.

Тодруулбал, Франц улсын “Орано майнинг” корпорациас авсан зээлд 2014-2017 онд 17 тэрбум төгрөгийн, Япон улсын “Мицубиши” корпорациас авсан зээлд 2014-2017 онд 9.2 тэрбум төгрөгийн хүүгийн орлого тус тус олгохоор тооцохдоо татвар суутган авч төсөвт төлөөгүй гэж үзэн нийт 3.5 тэрбум төгрөгийн нөхөн татвар, 1.1 тэрбум төгрөгийн торгууль, 705.2 сая төгрөгийн алданги, нийт 5.3 тэрбум төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр ногдуулсан. Мөн “Арева Монгол” ХХК-иас өөрийн охин компани болох “Кожеговь” ХХК-д 2013 онд 7.3 тэрбум төгрөг, 2014 онд 10.3 тэрбум төгрөг, 2015 онд 12.1 тэрбум төгрөг, 2016 онд 15.3 тэрбум төгрөг, 2017 онд 15.5 тэрбум төгрөг, нийт 60.4 тэрбум төгрөгийн зээлийг хүүгүй олгосон зөрчилд 1.2 тэрбум төгрөгийн нөхөн татвар, 357.9 сая төгрөгийн торгууль, 238.6 сая төгрөгийн алданги, бүгд 1.8 тэрбум төгрөгийн төлбөрийг ногдуулсан байна. Түүнчлэн  “Арева Монгол” ХХК-ийн харилцан хамаарал бүхий этгээдийн зээлийн хүүгийн орлогод НӨАТ ногдуулж, төсөвт төлөөгүй 2013-2017 онд нийт 60.4 тэрбум төгрөгийн зөрчилд 6 тэрбум төгрөгийн нөхөн татвар, 1.8 тэрбум төгрөгийн торгууль, 1.2 тэрбум төгрөгийн алданги, нийт 9.1 тэрбум төгрөгийн төлбөр ногдуулсан байгаа юм.

Үүнийг “Арева Монгол” ХХК эсэргүүцэж тус компанийн гүйцэтгэх захирал Тьерри Плэзант, Закария Эл Марзуки ТЕГ-т гомдол гаргажээ. Түүндээ “Татварын улсын байцаагч нарын зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа хууль зөрчиж явагдсан. Манай зүгээс зөрчлөө сайн дураар хүлээн зөвшөөрч байгаа гэх асуудал огт байхгүй. Татварын албаны зүгээс стандарт баталгаажсан хэмжилт, хяналтын төхөөрөмжөөр татараа төлөөгүйг нотолсон зүйл байхгүй. Зөрчил болон түүнтэй холбогдох хохирлыг нотлох талаар зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах шаардлагагүй байх боломжгүй. Учир нь Татварын албаны зүгээс олон тэрбум төгрөгийн төлбөр бүхий шийтгэл ногдуулах гэж буй бол зөрчил болон хохирлыг өөрсдөө нотлох хуулийн үүрэгтэй. Иймээс зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах зайлшгүй шаардлагатай.

Татварын байцаагч нарын зүгээс хяналт шалгалтаар илрүүлсэн гэх зөрчилдөө хариуцлага тооцохдоо Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэглэлгүйгээр аливаа торгууль, алданги гэсэн хуулийн хариуцлага хүлээлгэж байгаа нь энэхүү өршөөлийн хуулийг зөрчиж байна.

“Арева Монгол” ХХК нь “Орано майнинг” корпораци болон “Мицубиши” корпорацид шилжүүлсэн зээлийн хүүгийн орлогоос татвар суутгаж төлөөгүй. Монгол Улсаас нэг ч төгрөгийн хүүгийн төлбөрийг гадагш шилжүүлж, Францын “Орано майнинг” корпораци буюу хуучнаар “Арева майнинг” корпорацид хүүгийн орлого болгоогүй.

“Арева Монгол”  ХХК-иас өөрийн охин компани “Кожеговь” ХХК-д хүүгүй зээл олгосон”Үнэ шилжүүлэлт”-ээр ААНОАТ болон НӨАТ-ыг нөхөн ногдуулж, торгууль алданги оногдуулсан тухайд “Кожеговь” ХХК-ийн санхүүгийн байдлын тайланд тусгагдсан “зээл” гэх дүнгүүд нь шинж чанарынхаа хувьд бодит зээл биш. Харин “Арева Монгол”  ХХК-иар эцсийн хөрөнгө оруулагчдаас дамжуулж олгосон хөрөнгө оруулалт гэж үзэх нь зүйтэй. Энэхүү удаа дараагийн санхүүжилт дээр зээлийн гэрээ хийгдээгүй.

“Арева Монгол”  ХХК-иас ирүүлсэн энэ гомдлыг ТЕГ-ын Маргаан таслах зөвлөлийн хурлаар 2019 оны 2 дугаар сарын 27-нд хэлэлцээд “Татварын ерөнхий хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн тодорхой заалтуудыг баримтлан 147.4 тэрбум төгрөгийн зөрдчилд ногдуулсан 10.8 тэрбум төгрөгийн нөхөн татвар, 3.2 тэрбум төгрөгийн торгууль, 2.2 тэрбум төгрөгийн алданги, нийт 16.2 тэрбум төгрөгийн төлбөрөөс тодорхой хэсгүүдийг бууруулж, хүчингүй болгож, чөлөөлөөд 70 тэрбум төгрөгийн зөрчилд ногдох 1.2 тэрбуум төгрөгийн нөхөн татвар, 296.7 сая төгрөгийн торгууль, 196.1 сая төгрөгийн алданги, нийт 1.7 тэрбум төгрөгийг төлүүлэхээр өөрчилсүгэй” хэмээн шийджээ.

Энэ шийдвэрийг ТЕГ-ын Маргаан таслах зөвлөлийн дарга Ж.Ганбат болон гишүүн З.Энхболд, М.Батхуяг, П.Сайнзориг, Б.Тэлмүүн, Г.Гансүх, Ц.Алтанцэцэг, Г.Алтанзаяа, Д.Нацагдорж, Ш.Цогзолмаа нар гаргасан байна.

Эх сурвалж: Aguulga.mn

SHARE