УИХ-ын даргын зөвлөх, Хотын орлогч З.Төмөртөмөө утаа, шахмал түлш хоёрынхоо PR-ыг хариуцна

Намынхаа залуусын дунд бөөн хэрүүл уруул болж, дагасаар ирсэн даргынхаа буянаар Хотын даргын орлогчоор томилогдсон хэдэн “туслах”ын нэг бол З.Төмөртөмөө юм.

З.Төмөртөмөө нь “Их монгол” радиогийн гүйцэтгэх захирал, “Royal TV” телевизийн гүйцэтгэх захирал, “Zaluu.com” сайтын гүйцэтгэх захирал, НАМОХ-ны дэд ерөнхийлөгч, ШӨХТГ-ын даргын зөвлөх, “Монголын оюутны холбоо”-ны дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байгаад 2016 оноос УИХ-ын гишүүн Г.Занданшатарын зөвлөх, 2019 оноос УИХ-ын дарга Г.Занданшатарын зөвлөхөөр ажилласан.

Ингээд 2020 онд НИТХ-д дэвшиж төлөөлөгч болсон. Улмаар Хотын даргын орлогч бөгөөд Агаар орчны бохирдол хариуцсан төслүүдийн удирдагчаар томилогдсон.

Түүний томилгоо УИХ-ын дарга Г.Занданшатарын оролцоогүй байсан гэвэл түүн шиг худлаа юм байхгүй.

Ядахад МАН-ын маш олон гишүүн энэ ажилд очих хүсэлтэй байсан ч чадаагүй. Бяртай, артайнууд нь ийм албан тушаалуудад очсон.

Ялангуяа Хотын орлогч, түүнээс доошхи дарга нарын томилгоотой холбоотой НАМЗХ дээр нь үүссэн хэрүүл уруул дуусаагүй л байна.

Гэхдээ З.Төмөртөмөө PR, зар сурталчилгааны ажилд гаргууд сайн нэгэн. Олон ч жил хийсэн гэдэг. Хамгийн сүүлд УИХ-ын даргаар ажиллаж байхдаа хийж байсан томоохон ажлуудын нэг нь “Тавантолгой түлш” ХХК-ийн PR юм байна.

Өөрөөр хэлбэл, тэрээр “Тавантолгой түлш” ХХК-ийн PR-ыг хариуцан ажиллаж байжээ.

“Сэтгүүлч болсон минь ч үүнтэй холбоотой” гэдэг дээхнэ үеийн савангийн сурталчилгаа шиг З.Төмөртөмөө дарга өмнө нь “ажиллаж” байсан чиглэлийнхээ дагуу Хотын даргын орлогч бөгөөд Агаар орчны бохирдол хариуцсан төслүүдийн удирдагчаар томилогдсон бололтой.

Эх сурвалж: Aguulga.mn

SHARE