ДУРСАМЖ ГЭДЭГ ЧИНЬ ДУУ ЮМ ШҮҮДЭЭ…

 

Монгол Улсын Төрийн соёрхолт, Ардын уран зохиолч,  Соёлын гавъяат зүтгэлтэн, зохиолч, сэтгүүлч БАЛЖИРЫН ДОГМИД

 

Жамьян ах бид хоёр эгч дүүсийн хүүхдүүд. Ах маань эхээс олуулаа боловч эдүгээ хорвоогийн жамаар цөөрсөөр цөөхөн хүн үлджээ. Манайхны удам угсааны хамгийн ахмад нь Жамьян ах бид хоёр болж байх шив дээ. Жамьян ахын ээж нь Мөөм буюу Дулам гэж өндөр чийрэг биетэй, эршүүд зантай аливаа хар бор ажилд эрэмгий гялалзуур эмээ саяхан болтол амьд сэрүүн байлаа. Мөөмийн эгч нь гамингийн үймээний жил хүрээнээс урагшаа зугтсан “цагаан хөлтнүүд”-ээс нэлээн хэдийг цааш нь харуулж бодийг нь хөтөлсөн гэдэг юм. Жамьян ах бол яг үнэндээ Дорноговьд “томдсон” сэхээтэн. Би үүнийг ямар утгаар нь хэлж байна вэ гэвэл тэрбээр хүмүүсийг санаж сэрэх хэмжээнд харанга дэлдэж нийгмийг хөдөлгөөнд оруулсан олон хүчтэй нийтлэл бичсэн учраас тэр. Аль эрт олон жилийн тэртээ бичсэн асуудал дэвшүүлсэн өгүүлэл, нийтлэлүүд нь одооч үнэ цэнээ алдаж он цагийн буурал тоосонд дарагдан мартагдаагүй байна. Өнөөдөр наян насны босгыг алхсан ч гал цогтой шүүмж, сэрэмжлүүлэг, эссэ найруулал, хөрөг дурдатгалаа бичсээр байгаа цөөхөн сэтгүүлчийг нэгэн хоёр гэж тоолвол Галсангийн Жамьян, Хорлоогийн Цэвлээ хоёроор отголох янзтай. Баянхонгорын Цэвлээ бол хар нутаг дээр хаягдан өнчирч хагацал зовлон гэж юу байдгийг хар багадаа үзэж нулимсаараа нүүрээ угаасан ч хожмын өдөр өндөр албан тушаалын зөөлөн сэнтийд заларсан цагаан захтай, цагаан гартай дарга сэтгүүлч юм. Жамьян ах бол ид хийж бүтээх залуу сайхан насандаа социализмийн үеийн төрийн машинд хэрчүүлж НАХЯамны ногоон малгайтнуудад амь амьдрал, авъяас бүтээлээ тээрэмдүүлсэн хамгийн азгүй зохиолч, сэтгүүлч билээ. Тэр залуудаа гудамжинд зөрсөн охид бүсгүйчүүл эргэж хармаар ширээ ат шиг сайхан залуу байлаа.

 

Цэргийн клубын банзан шалыг хотолзуулан Цэмбэн шинелийн саарал хормой дэрвүүлж Цэл залуу хорин насандаа тэр чамтай Цэцэг, эрвээхэй шиг бүжиглэж явсан… Ерөнхий сургуулийн он жилүүдийг санах “бүсгүйчүүл” эдүгээ ч цөөнгүй бий.

Уянга, дууны Улаанбаатар хотын нийтийн бүжгийн гурван удаагийн аварга, Нийслэлийн “Улаанбаатар” сонины улаан үнэмлэхтэй тусгай сурвалжлагч хэмээн гялалзаж явсан энэ хүн орь залуу наснаасаа олны урсгал сөрсөн, өөрийн гэсэн толгойтой романтик сэргэлэн залуу байсан тухай олон хүмүүс ярьдаг юм. Аливаа алба амины их бага ажлын эрх ашгийн дарааллыг мэддэг бага залуугийн хүмүүжил, шударга шулуун зан, эх орноо гэсэн элэг зүрх нь энэ хүнийг социализмийн үеийн “Улаан таван хошуутай танкны гинжин доогуур гар бөмбөг” бариулан оруулсан юм. Гэвч “гранат” нь дэлбэрэлгүй мань эр азаар амьд мэнд үлдсэн ч тухайн үеийн туг сүлд болсон төрийн машиныг устгах гэж оролдсоныхоо төлөө ардчиллын анхны өглөөтэй золготол хорин хэдэн жил “эсэргүүн”, “тэрс үзэлтэн”, “төрийн дайсан” гэсэн пайз хүзүүндээ зүүж, явах газар хэмжээтэй, уулзах хүн тоотой

НАХЯамны хараа хяналтанд үл үзэгдэх бууны ам жадны үзүүрт туугдан явсан гэхэд хилсдэхгүй. Тэр хэзээ ч аяга хоол, алдар нэрийн төлөө сайд дарга нарын өмнө, хойно ая тал засан гүйж явсангүй ээ. Саяхандаа, хоёр гуравхан жилийн өмнө МАН-ын дарга М. Энхболд Жамьян ахын аль дивангарт хөөгдсөн МАН-ын гишүүнчлэлийг нь сэргээж сонгуулийн магтаал бичүүлэхээр тусгай өрөө тасалгаа гарган цалин пүнлүү амлаж, ширээнд залж, шилтгээндээ суулгаж билээ.

Гэтэл нөгөө сонгуулийн сурталчилгаа хийхээр тохиролцсон намын “шинэхэн” гишүүн Жамьян “Барууны тэжээврүүд” “Сөрөг” гэсэн нэртэй намуудын лидерүүдийг зад шүүмжилсэн хоёр сүрхий ном, хоёр гурван мянган хувиар хэвлүүлж олон түмэнд тараасан нь “Сайн байна уу? гэсэн биш гай болж” цусгүй алах нь тэр. Бурууд нүд нь хурц, үнэнд үзэг харандаа нь ойрхон энэ эр нөхөр дайсан хоёрынхоо аль альний нь халаасанд багтаж, хэдэн халтар төгрөгөнд хахуульдуулан хэлээ хазаж, хөлөө тушуулдаг гайхал биш байжээ. Хэдэн зуун өгүүлэл, нийтлэл ном зохиол бичсэн тэр НАХЯ-ныханы гарт зохиол бүтээлээ алдахгүйн тулд “Халхын талд” гэдэг 20000 мөр шүлэглэсэн романаа шатаасандаа одооч харамсч явдаг.

Хазаар үгүй тэмүүлэх агсам морины давхиа шиг Хаалт үгүй цэлэлзэх догшин мөрний долгио шиг Олдох, алдах нь олонтоо залуу насны тухай Оршил, моршил гэлгүй залгуулж одоо бичье гэж

эхэлдэг Р. Чойномын “Хүн” роман шиг хөгжимлөг уран тод шигтгээтэй роман байсан гэдэг. Улаанбаатар хотын модон заводод нутаг заагдан очиж, олон жил хөрөө раман дээр хад чулуу шиг хангайн хар модтой ноцолдож нуруугаа бөгтөр болтол нойтон үртэс үүрсэн ч тэр хэзээ

ч “хэлмэгдсэн” “хилс хэргээр яллуулсан” ядарч зутарсан гэж гонгинож хэн нэгэн шиг “Ардын баатар” болох гэж гүйгээгүй. Түүний нэг том алдаа нь бусдыг өөр шигээ сэтгэлийн тэнхээтэй, тэвчээртэй, цагийн салхинд гуйвж дайвахгүй хүн чанартай, шударга шулуун байхыг шахаж шаарддаг. Энэ зан нь хүн бүхэнд тэр бүр таал агддаггүйгээс энэ бурангуй улс төрчидтэй эвлэрч чаддаггүй учраас эдүгээ ч гадаад далайн эзэнгүй арал дээр цөлөгдсөн мэт үе үе ганцаардахын зовлон эдэлдэг. Гэвч тэрбээр дахин хэзээ ч толгойгоо өндийлгөх тэнхэлгүй болтлоо шатсан бизнөсмэн буюу сөнөсөн галт уул шиг болсон сохор зоосны ч үнэгүй улс төрч биш, наран адил мандаж саран адил гэрэлтэх дотоод ертөнцийн их гэрэл гэгээгээрээ ард түмнээ соён гэгээрүүлж яваа соёлын гавъяат зүтгэлтэн, Дорноговьд байтугай Дорно дахинд данстай алдартай сэтгүүлч учраас түүнд миний мэтийн зохиолчийн магтаал хүнддэхгүй буюу. Ерөөсөө Жамьян гэдэг энэ хүн зэмлэлээ гээд зэлний гадсанд тээглэж унахгүй, магтлаа гээд магнайгаа хагартал баярлахгүй үхэхээс бусдыг үзсэн долоо шархадсан “чоно” учраас айлын хоточ нохойтой ч үг хэлээ ололцож чадах ур чадвартай сэтгүүлч билээ. Эрэн сурвалжлах сэтгүүл зүй гэдэг нэр томъёог монголд анх бодит зүйл болгож загалмайлсан хүн бол яах аргагүй Жамьян ах. Нийгмийн хар хөшигний цаадах нууцад нэвтрэх түлхүүрийг тааруулан үүдийг нээж ихэс дээдсийн бурангуй бузар бүхнийг уншигч олон түмэнд уудлан толилуулсан, “Шорон дотроос өшөө авагчид байдаг юм биш биз” “Дэглэгчдэд дэг хэрэгтэй” зэрэг олныг шуугиулсан цөөнгүй цуврал нийтлэлүүд бичсэн зохиолч Жаргалын Барамсай, “Үнэн” сонины А. Даваасамбуу нарын цөөхөн сэтгүүлчдийн нэг. Согтуу орос жолоочийн машинтай мөргөлдөн шатсан автобуснаас галын дундаас хүний амь аварч өөрөө амь үрэгдсэн жирийн монгол залуугийн тухай “Гавъяа” гэдэг гайтай найруулал бичиж Монгол-Зөвлөлтийн он удаан жилийн ган бат найрамдлыг сэвтүүлсэн хэмээн ял шийтгүүлэн нутаг заагдсан энэ хүнд агаар амьсгалж, газар гишгэхээс өөр эрх чөлөө үлдсэнгүй ээ. Газрын хоймор Гал шарын уулстай хаяа хатган оршдог Дорноговийн Алтанширээ сум бол айл, мал алагласан арван гурван ширээ, сэргэлэн дэнжтэй, олон гавъяаттай, олон зохиолч сэтгүүлчтэй, олон адуутай, олон хурдан морьтой газар. Тэр нутагт 1944 оны Бичин жилийн зуднаар зүүн таван аймгийн 70000 адууг хил давуулалгүй хэдэн сар маллан авч үлдсэн Олноо “Их говийн зоригтон” хэмээн алдаршсан гурван говийн нэрийн хуудас болж монголын түүхэнд мөнхөрсөн Байшинтын заставын түмтийн штабын тэргүүн комиссар Төвийн Балдан, 1945 онд Хянганы даваанд самурайн толгой дээр минемётын сумаараа аянга буулгасан МУ-ын Баатар Дашийн Данзанваанчиг, бууны аман дээр очсон ч үгээ буцааж авалгүй үхэх эр зоригтой нэрт сэтгүүлч Галсангийн Жамьян нарын гурван “сүмбэр” мэндэлсэн юм. Мөн тэндээс Хөдөлмөрийн баатар, Төрийн Соёрхолтон, Ардын уран зохиолч зэрэг алдартай, авъяастай олон хүмүүс төрсөн ч, би энэ гурван хүнийг бие сэтгэлээрээ хүндийг үүрч, үхэл амьдралын зааг дээр явснаар нь онцолж байгаа юм. Догшин ноён хутагт Данзанравжаагийн мэндэлсэн “Шувуун шанд” хэмээх бууцан дээр төрсөн МУГЖ Банди гуай дуурийн нэрт дуучин болсон бол Их дуучин Чогдон Хун Тайжийн хаваржаан дээр Цагаан-хаяа хэмээх газар төрсөн Жамьян ах маань зохиолч, сэтгүүлч болохын авшиг хүртэх заяатай байжээ. Ясан ерөөлт, Хаяа хар дэл, Хөшөө бумбат гээд яруу найргийн мөр бадаг оршсон энэ нутаг эгэл нэгэн газар шороо биш байсан юмсанж.

Үдэш залсан адуу тэнгэрийн хаяанд очсон чөглөө илхэн харагддаг

Үлгэрийн юм шиг тийм их талд мэндэлсэн

хүн авъяастай алдартай байхаас ч яахав гэж

бодогдоно.

Засаг, төртэй тэрсэлдсэн хүний хань, ижил болж

Залуу сайхан насаа золиослож, толгойтой бүгдэд чичлүүлсэн

Ичинноров эгчийгээ санахаас элэг зүрх минь эмтэрдэг юм

Ижил нь үгүй их хайраараа ахыг минь өмөөрч Үгийг нь засч, үзгийг нь түшиж явсныг нь бодохоос “Үлэмжийн чанар” дууны аялгуу цээжинд эгшиглэдэг юм.

. . . Ширхэг чулуу нь төрд данстай Шилийн богд тэнгэрийн уул Эр цэрэгтэй хамт жагссан Эх орны харуул уул Сарны туулай оргилд нь хярж Сансрын салхи бэлд нь зүүрмэглэдэг Арван тавны саран гийсэн Алтан Дарьгангын бүсгүйчүүд мандтугай хэмээн Ичинноров эгчдээ нутаг усных нь магтаал шүлгээр мялаалга өргөе.

Монголын сэтгүүл зүйн ертөнцөд хүнд хэцүү цагт өөрийнхөө оргил бүтээлүүдээрээ босгосон Жамьян ахынхаа өлийн их овоонд энэхүү өмнөтгөл үг мэтийг бичиж чулуу өргөв.

Хөх цөцгий хэмээх хөөрхөн шувуухай хавар яагаач үгүй эрт ирж үүр юугаа засдаг, Алтан аягаар усыг нь уумаарАлтанширээгийнтал нутагт “Анги” Шагдархэмээх амьд бурхан, Боржигины их хуурч Шарын Мөнхтогоо, “Үс” хэмээх хувилгаан Дашням (Жамьян ахын ихэс, дээдэс) Ар халхын алдарт дуучин Чогдон хунтайж тэргүүтэй олон их хүмүүс мэндэлсэн түүхтэй. Холын тэртээх Хонгор, Байшинтын говьд хонины бууцанд хормой дор унасан ч хожмын хойд өдөр төр түмэндээ түшигтэй том хүн болж ороо бусгаа цагийн салхи, шуургыг сөрөн унаж, босон зүтгэж яваа Жамьян ахаараа би бахархдаг. Ийм хүмүүс зуун жил улиран өнгөрөвч энэхүү буурал замбуулинд нэгэн хоёр л мэндэлдэг. Дурсамж дурдатгал хийгээд хөрөг, эссэ, найруулал, тэмдэглэл, таталбар, нийтлэл, хүүрнэл, уран сэтгэмж, асуудал дэвшүүлсэн болон өлгөц өгүүлэл, өгүүллэг, ярилцлага өгүүлсэн шүлэг, баримтат уран сайхны болон сэтгэл зүйн драмын энэхүү номонд ертөнцийн тоос болон татах хүчнээс тасарсан хүмүүний сэтгэхүйгээс эхлээд хоёр хавтасны дунд хорвоог багтаасан бүтээлүүд орсон гэдгийг өгүүлэх юун билээ.

Дурсамж гэдэг чинь дуу юм шүү дээ

Дунд нь ороод амьдарч ч болдог ертөнц юм шүү дээ.

 

2017.02.02

SHARE