“М-Си-Эс”-ийн “М-Банк”-ны үйл ажиллагаа удахгүй эхлэх нээ

УИХ-ын чуулган өчигдөр /2020.10.22/ үдээс өмнөх хуралдаан дээр Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч Г.Дөлгөөн “Зээлийн хүү өндөр байгаа нь ханш болон инфляц тогтворгүй байгаатай холбоотой. Төгрөг ам.долларын эсрэг 4.4 хувиар суларсан. Жилийн сулралт ойролцоогоор зургаа орчим, эдийн засгийн уналтын үед 12 хүртэл хувиар унаж байсан үзүүлэлттэй байсан. Энэ жилийн хувьд харьцангуй тогтвортой байгаа. Төв банкны бодлого гадны хөрөнгө оруулалттай банкуудыг оруулахад татгалзах зүйлгүй. Ялангуяа төрийн өмчит бус гаднын банкуудыг орж ирэхэд татгалзахгүй” гэж мэдэгдлээ. Одоо манай улсад үйл ажиллагаагаа эхлэхэд бэлэн болсон “М-Си-Эс” группийн “М-Банк” буюу дижитал банк бий. “М-Си-Эс” групп Өмнөд Солонгосын “Korea telecom” (KT) компанитай хамтарч ТЭЗҮ-ээ хийчихээд зөвшөөрлөө хүлээж хэдэн жил болсон. Тэр хугацаанд хууль шүүхийн байгууллагаар зарга үүсгэж явсан. Ингээд Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаар “М Си Эс”-ийн нэхэмжлэлтэй Монголбанканд холбогдох хэргийг 2019 оны 12 сарын 9-нд хянан хэлэлцэж байв. Учир нь, нэхэмжлэгч тал болох “М Си Эс” нь Банк байгуулах тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, банк байгуулах тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг шийдвэрлэхийг хариуцагчаас шаардаж шүүхэд гомдол гаргасан байдаг. Энэхүү гомдлыг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх өнгөрсөн зургаадугаар сарын 18-ны өдөр хянан хэлэлцээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, нэхэмжлэгчийн банк байгуулах тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хуулийн дагуу шийдвэрлэхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн аж. Түүнчлэн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх уг хэргийг өнгөрсөн есдүгээр сарын 12-ны өдөр хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн юм. Тэгвэл Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаар анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ. Ингээд Н.Баяртсайхан Монголбанкны ерөнхийлөгчөөс бууж оронд нь дэд ерөнхийлөгч нь байсан Б.Лхагвасүрэн очсон. Б.Лхагвасүрэнг Монголбанкны ерөнхийлөгч болсны дараа “М-Си-Эс”-ийн “М-Банк”-ны зөвшөөрөл олгогдсон байдаг. Дижитал банкны тухайд хүн суурьтай аливаа процесс, чирэгдэлтэй асуудлуудыг богиносгож, бүгдийг технологиор шийддэгээрээ уламжлалт банкнаас онцлогтой. Тус банкинд хандсан иргэд ойролцоогоор 5-10 минутын дотор зээлээ авах боломжтой. Дахин онцлоход Зээлийн хороо гэх мэт хүний оролцоотой процесс байхгүй. Тухайн хүний эрсдэлийг үнэлдэг, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн кредит скоринг систем гэж бий. Тэр дагуу харилцагчдынхаа эрсдлийг үнэлнэ гэсэн үг. Математикт суурилсан алгоритм, өгөгдлийн сан бүрдүүлээд явах юм. Товчхондоо зээлийн эрсдлийн тухайд бүх зүйлийг алгоритмээр, технологиор шийдээд явах аж. Түүнчлэн “М-Банк” нь зээл, харилцах хадгаламж, төлбөр тооцоо гэсэн банкны үндсэн гурван үйлчилгээтэй. Бусад үйлчилгээ нь энэ гурвыг тойрно гэж “М” төслийн санаачлагч, Судалгаа, хөгжүүлэлтийн багийн ахлагч Б.Тэмүүлэн хэлж байв. Мөн тэрээр “М-Банк”-ны төв оффис “Central tower”-ын нэг давхарт ажиллахаар төлөвлөөд байгаа талаар хэлж байв. Өөрөөр хэлбэл, энэхүү дижитал банк тун удахгүй ажиллаж эхлэх нь тодорхой боллоо.
SHARE