Австрали улс зарим орны иргэдэд хилээ нээхээр болжээ

Австралийн засгийн газар “COVID-19” цар тахлын халдварын эрсдэл буурсан зарим орнуудын иргэдэд хилээ нээх асуудлаар хэд хэдэн оронтой яриа хэлэлцээ хийж байгаа юм байна. Гэхдээ Европ, АНУ-д цар тахлын дэгдэлт өндөр байгаа учраас эдгээр орнуудын иргэдийг уг жагсаалтад хамруулахгүй юм байна. Хамгийн эхэнд Шинэ Зеландын иргэдийг хөл хорихгүйгээр хилээр оруулах болно гэж Австралийн ерөнхий сайд Скотт Моррисон мэдэгджээ.

Баасан гарагаас эхлэн Шинэ Зеландын иргэд Австралийн зарим мужууд тухайлбал Шинэ Өмнөд Уэльс, Канберра, Хойд газар нутагт хөл хорионд орохгүйгээр чөлөөтэй аялж зугаалах боломжтой болох юм байна. Гэхдээ Шинэ Зеланд Австралид аялаад ирсэн иргэдээ зочид буудалд тодорхой хугацаанд тусгаарлах юм байна. Харин Шинэ Зеланд Австралийн иргэдийг хүлээж аваагүй байгаа. Дараа нь Япон, Сингапур, Өмнөд Солонгос болон Номхон далайн орнуудын иргэдийг хөл хорионд оруулахгүй, нэвтрүүлэхээр төлөвлөж байна. Австрали улс цар тахлын дэгдэлтийн эхэн үед буюу өнгөрсөн 3 дугаар сард хилээ хаасан. Австралийн аялал жуулчлалын сайд АНУ болон Европын орнуудад цар тахлын халдвар хамгийн эрсдэлтэй түвшинд байгаа учир 2021 оны сүүл хүртэл тэдгээр орны иргэдийг оруулахгүй байхыг анхааруулжээ.

А.Наран

SHARE