“ICT EXPO-2020”: Хэв маягийг төгс өөрчлөх дижитал шийдлүүд

С.УЯНГА

Монгол дахь дижитал хувьслын хамгийн том тэсрэлт “ICT EXPO-2020”-ийн тайзнаа өрнөдөг. Тэр ч утгаараа технологийн дэвшлийг мэдрэх гэсэн, энэ салбарт шимтэгчид “ICT EXPO” үзэсгэлэнг хүлээдэг, зорьж очдог болоод даруй 14 жил болжээ. Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас Цахим үндэстэн уриан дор зохион байгуулсан энэхүү арга хэмжээ энэ жил  өмнөх жилүүдийнхээс онцлог  болов. Хууль эрхзүйг бодит шийдэлтэй хослуулснаараа илүү даацтай болсон гэж хэлж болно. Эхний өдөр төрөөс харилцаа, холбоо мэдээллийн технологийн чиглэлээр баримтлах бодлого, шийдэл, нийгэмд үзүүлж буй үр нөлөөллийг хэлэлцсэн бол хоёр өдөр үргэлжилсэн үзэсгэлэнгийн үеэр дижитал амьдралын хэв маягийг бүрдүүлэг шинэ технологиудыг бодитоор харууллаа. Энэ нь зөвхөн үзэгч сонирхогч биш шинэ тутам хөгжиж байгаа стартапууд, технологийн компаниудад олонд танигдах, борлуулалтаа тэлэх боломж олгодог. Үзэсгэлэнгийн нээлтийн үеэр “Мэдээллийн технологи бол дэлхийд гарах гарц. Нүүрсээс хамааралтай байсан Монгол Улс ирэх 30 жилд тэргүүлэх салбаруудаа тодорхойлсны нэг нь  мэдээллийн технологийн салбар. Монгол Улс залуучуудын орон учраас технологи бол Монголын хөгжлийн ирээдүй юм” гэдгийг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ онцолж байв.

“ICT EXPO-2020”-ийн танхим энэ жил хүмүүст илүү зайнаас үйлчилгээ авах, заавал биечлэн очихгүй байсан ч бүхнийг технологиор шийдвэрлэх боломж олгосон бүтээгдэхүүнийг илүүтэй танилцуулав. Бүх үйлчилгээг нэг цонхоор иргэдийн гар утсанд аваачсан олон шинэлэг үйлчилгээг хувийн хэвшлийн томоохон компаниудаас гадна стартапууд, сонирхогчид санал болгосон юм. Өөрөөр хэлбэл, харилцагчдынхаа цаг завыг хэмнэх, амьдралын хэв маягт нь нийцэх хиймэл оюун ухаанд суурилсан дижитал шилжилтийг технологийн хувьслаар бий болгожээ.

Үзэсгэлэнгийн үеэр иргэдэд зайнаас “амьдрах” боломж олгосон дижитал шийдлүүдийн заримаас сонирхуулъя. Гарааны бизнес эрхлэгчдэд тохилог, бүтээлч орчинг санал болгосон Moffice буюу хамтын оффис эрэлттэй байгаа аж. Одоогийн байдлаар хамтын оффисын төвд 30 гаруй гарааны бизнес эрхлэгч төвхнөөд байгаа гэнэ. Мөн Монголын анхны шинэ үеийн дижитал хэтэвч SocialPay, 7-22 насны хүүхэд залууст зориулсан, олон улсын эрхтэй The Color Card бүтээг­дэхүүн үйлчил­гээнүүдийг онцолж болно.

Монгол залуусын бүтээсэн хиймэл гар, хэвлэх машин, VR лаборатори, ухаалаг самбар, Xiaomi-гийн ухаалаг цаг, телевиз, цэвэрлэгч, гар утас дурдаж болно. Тэр дунд МУИС-ийн оюутнуудын танилцуулсан “Cloud” систем энэ жилийн онцгой бүтээгдэхүүний нэг байв. “Файл зөөвөрлөх flash диск болон интернет ашиглан хүссэн файлаа хараар эсвэл өнгөтөөр хэвлэх боломжтой киоск машин юм. “Хэрэглэгчид CloudPrint сайтад зочлон бүртгүүлснээр файлаа онлайнд байршуулах эрхтэй болно. Үүний дараа мэйл хаягт нь ирсэн QR кодыг  киоск машинд уншуулж хэвлэх юм. Нэг удаа 300 хуудсыг шууд хэвлэх боломжтой гэдгийг зохион бүтээгчид хэллээ. СЭЗИС-ийн оюутнууд монголдоо анхдагч ухаалаг, байгальд хор хөнөөлгүй нэрийн хуудас хийхээр болсноо сонирхууллаа.

Технологийн компаниудын ихэнх үйлчилгээ зайнаас харилцах буюу цар тахлын үед хамгийн их хөрөнгө оруулалт татсан, эрэлттэй үйлчилгээ байгаа аж. Түүний нэг нь “EdTech” буюу хиймэл оюун, өргөтгөсөн бодит байдал болон зайнаас удирдах технологид суурилсан системийг хөрвүүлжээ. Msign сим картад суурилсан тоон гарын үсгийн үйлчилгээг “Тридум Кэй” компани нэвтрүүлсэн нь улам өргөжиж финтек, банк, төрийн үйлчилгээ e-Mongolia-д ашиглах боломжийг бүрдүүлжээ. Мэдээллийн өндөр нууцлал бүхий тоон гарын үсэг буюу зээлийн үйлчилгээ авахдаа өөрийн биеэр банканд очиж гарын үсэг зурах шаардлагагүй. Харилцагчийн хувийн мэдээллийг найдвартай хамгаалах юм. Үүнийг Голомт банкны харилцагчид банкнаас цалингийн буюу дижитал зээл, хадгаламж барьцаалсан зээл авахдаа ашиглаж болох юм. Банкны салбарт очилгүйгээр тухайн байгууллагаасаа банкны тодорхойлолт, дансны хуулгын мэдээллийг онлайнаар авах боломжтой болжээ. Тэгвэл Жамуха платформ буюу Блок­чэйнд суу­рилсан шийд­лээр иргэд заавал банк­ны салбар дээр очих шаардлагагүйгээр тухайн байгууллага дээрээ онлайнаар нууцлалын өндөр хэлбэрт баталгаат үйлчилгээ авах боломжтой гэнэ.

Фэйсбүүк компанийн Монгол дахь төлөөлөл “Oculus” нүдний шилний тусламжтайгаар сурагчдад хичээл заах VR лабораториа нээв. Энэ лабораторийн тусламжтайгаар хүүхдүүд технологийн чадваруудыг эзэмшиж, VR дээр контент хийх боломжтой coding сурах аж. Энэ талаар Монгол дахь фэйсбүүкийн төлөөлөгч А.Бямбажаргал “Гадаадын зарим музейг “Oculus”-ын тусламжтайгаар үзэх боломжтой. VR лаборатори нь албан ёсоор даваа гаригаас ажиллаж эхэлнэ. Фэйсбүүк компани Монголд албан ёсоор цахим бичиг үсгийн боловсрол олгох “Digital Literacy” хөтөлбөрийг  хэрэгжүүлдэг” гэлээ. Ийнхүү Монголчууд дэлхийн технологийг дэргэдээ авчрахаас гадна дотооддоо бүхийг хялбараар шийдвэрлэх боломж бүрдүүлснийг  “ICT EXPO-2020” шимтэн сонирхох боломж олгов.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

SHARE