Үндэсний цахим үйлчилгээний E-MONGOLIA системийг олон нийтэд танилцууллаа

-Иргэд гар утаснаасаа E-Mongolia аппликейшнийг ашиглахад дата унахгүй-

“Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Засгийн газрын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан зорилтын дагуу төрийн үйлчилгээг цахимжуулах, авлига, хүнд суртлыг арилгах зорилгоор цахим үйлчилгээний нэгдсэн систем, нэг цонхонд төрийн бүх үйлчилгээг төвлөрүүлэхээр Засгийн газар ажиллаж байна.
Үндэсний цахим үйлчилгээний E-Mongolia нэгдсэн системийг энэ сарын 01-нээс эхлэн Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас хэрэглэгчдэд хүргэж эхлэв. Уг системийг вэб портал, гар утасны аппликейшн гэсэн хоёр хэлбэрээр анхны хувилбарыг нь гаргасан байна.

Эхний шатанд сангийн яамны Ebarimt, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны Ehalamj зэрэг төрийн цахим порталуудаас гадна иргэний үнэмлэх, гэр бүлийн, тээврийн хэрэгслэлийн лавлагаа зэрэг төрийн 181 үйлчилгээг нэг цонхонд богино хугацаанд амжилттай төвлөрүүлж, цахимжуулжээ.
Үүнтэй холбогдуулж өнөөдөр E-Mongolia системийг танилцуулах хэвлэлийн бага хурлыг зохион байгуулсан бөгөөд ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ оролцсон. Тэрбээр, төрийн үйлчилгээг нэг цонхонд төвлөрүүлсэн олон улсын жишгийг Монгол Улсын Засгийн газар нэвтрүүлж байгааг онцлоод цаашид төрөөс цахим хэлбэрээр үзүүлж буй нийтдээ 492 үйлчилгээг нэг систем, нэг дэд бүтцэд нэгтгэнэ. Төрийн үйлчилгээг цахимжуулах ажлыг нэг Засгийн газар бус хэд хэдэн Засгийн газар дамжин хийгдэж ийнхүү эхний ээлжинд бэлэн болоод байна гэлээ.

Иргэд гар утаснаасаа E-Mongolia аппликейшнийг ашиглахад дата унахгүй бөгөөд үүрэн холбооны Мобиком, Юнител, Скайтел зэрэг оператор компаниуд энэ тал дээр нийгмийн хариуцлагын хүрээнд хамтран ажиллаж байгаа талаар эдгээр компаниудын удирдлагууд хэвлэлийн хурлын үеэр мэдэгдэв.
Төрийн байгууллагууд цахим шилжилт хийснээр бичиг хэрэг, шуудангийн зардлаас жилдээ хамгийн багадаа 10 тэрбум төгрөгийг хэмнэх боломжтой бол иргэдийн хувьд 3,7 тэрбум төгрөгийг хэмнэх боломж бүрдэнэ. Улсын төсөв, хувь хүний санхүүг хэмнэхээс гадна мөнгөөр хэмжигдэхгүй цаг хугацааг Монгол Улсын иргэн бүрт хэмнэж өгөх давуу талтай.

SHARE