Баабар нэр дэвшихгүй, харин Баабар шиг ингэж ярьсан нэр дэвшигч сонгогдоно шүү

 

Б.Хишигбат

Нийтлэлч Баабар Ерөнхийлөгчид нэр дэвшихээ зарлалаа. Өнөөдөр /2017.4.12/-ийн дуулиан энэ байв.

Угаас омог бардам, цоглог тэрээр Өдрийн сонины хоёр нүүр дүүрэн хачин цоглог нийтлэл, мэдэгдэл бичжээ. Уншихад сайхан, улс оронд маань сайн сайхан ирээдүй байгаа ч юм шиг болоод ирж байна.

Гэвч Баабар аль намаас нэр дэвших вэ. Энэ тухай түүний нийтлэл, мэдэгдлээс олж харсангүй.

Өөрийн унаган нам АН-аас уу. С.Эрдэнэ АН-ын дарга байгаа цагт Баабарт Ерөнхийлөгчийн сонгууль бүү хэл, ҮБХ-ны гишүүн болъё гэсэн ч хүнд гэдгийг хүн бүр мэдэж байгаа.

Аль эсвэл МАН-аас уу. Бас л үгүй. Баабар МАН хоёр энэ насандаа лав эвлэршгүй “дайснууд” юм. С.Эрдэнэтэй эвээ олохыг хүсдэггүй Баабар МАН-тай нийлнэ гэвэл зүүд ч зөвшөөрөхгүй биз ээ. Тэгвэл МАХН-аас уу. Бүр ч үгүй. Баабар Н.Энхбаярыг гуйх уу, О.Баасанхүүг найрах уу. Тийм юм болохгүй гэдэгтэй мөрийцсөн ч болж байна.

Ерөөс Баабар нэр дэвшинэ гэж худлаа. Өөрөө ч тэгж сэтгээгүй байж таарна. Тэр зүгээр л нийтлэлээ бичсэн хэрэг. Харин энэ нь Ерөнхийлөгчид нэр дэвшихээр горилж байгаа журмынх нь нөхөд хийгээд бусад намын нэр дэвшигчдэд хэрэг болохуйц галтай цогтой, дээрээс нь хэн хүний саналыг булаахаар үг юм. Олигтойхон нэр дэвшигч өөрийн болгоод авчихвал сонгогдох нь гарцаагүй гэж учир мэдэх хүн хэлээд гарлаа шүү, дөнгөж сая.

Эх сурвалж: www.news1.mn

SHARE