Беларусьт Александр Лукашенког нууцаар Ерөнхийлөгчийн тангараг өргөснийг эсэргүүцэгчдийг олноор баривчилж байна

Беларусийн Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг будлиантуулан ялалт байгуулсан гэх тус улсын одоогийн төрийн тэргүүн Александр Лукашенко Минск хот дахь Тусгаар тогтнолын ордонд нууцаар тангараг өргөсөн тухай “Deutche Welle” агентлаг мэдээллээ.

Тангараг өргөх ёслолын товыг олон нийтэд урьдчилан мэдээлээгүй бөгөөд телевизээр дамжуулаагүй ажээ. Ёслолд Беларусийн төр засгийн албан тушаалтан голдуу цөөн хүн оролцсон байна.

Үүнийг эсэргүүцэн Беларусь даяар эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөж, хүчний байгууллагынхан нулимс асгаруулагч хий, цахилгаан бороохой, даралттай усан буу зэрэг тусгай техник ашиглан жагсагчдыг тараан олноор баривчлах болжээ. Зөвхөн Минскт саатуулагдсан хүний тоо зуугаас хол давжээ.

Одоогийн байдлаар АНУ, Их Британи, Герман, Польш, Украин зэрэг арав гаруй орон Александр Лукашенког Беларусийн хууль ёсны Ерөнхийлөгч гэдгийг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаад байгаа юм.

Б.Төгсөө

SHARE