С.Эрхэмбаяр: Монгол бичиг уствал Монгол үндэстэн мөхнө

 

Соёлын гавьяат зүтгэлтэн уртын дууч, улсын начин С.Эрхэмбаяртай эх хэлний үнэ цэнэ өв соёлын талаар ярилцлаа. Ховорхон авьяастай хос морьтой тэрээр өнгөрсөн онд 100 уртын дуунаас бүрдсэн цомог гаргасан билээ. Мөн Өвөрмонголын урлагийн сургуульд уртын дуугаараа багшилж байсан юм.

 

-Та Өвөрмонголд уртын дуугаар багшилж байсан. Тиймээс өвөрмонголчуудад үүсээд бүй нөхцөл байдлын талаар тантай ярилцахыг хүслээ?
-Тэгэлгүй яахав.Эх хэлгүй бол ямар ч үндэстэн оршин тогтноход бэрх. Бид дэлхийн тэр олон үндэстэнээс чухам юугаараа ялгардаг вэ гэвэл эх хэлээрээ ярилцаж буйгаараа онцлогтой. Үүнээс гадна монгол бичиг бол хамгийн хурдан бичиж болдог бичиг.
Өвөрмонголд үүсээд байгаа байдал бол зөвхөн өнөөдөр үүсч буй хэрэг биш. Маш олон жил том гүрний хавчилгад байсан. Гэвч тэд биднээс илүү эх хэлээ, босоо монгол бичгээ авч үлдсэн. Тиймдээ ч амь насаараа дэнчин тавьж эх хэлнийхээ төлөө тэмцэж байна. Өвөрмонголчууд бидний үсэрсэн цус, тасарсан мах.
Бид энэ асуудалд соёлтой аргаар дуу хоолойгоо нэгтгэх хэрэгтэй байх. Үүнээс гадна бид ч бас эх хэлнээсээ хөндийрөөд байсныг сануулж, энэ үйл явдал маш том дохио өглөө. Үнэтэй хувийн сургуульд хүүхдээ сургаж гадны хэл соёлыг даган дууриах нь хойч үеийн залууст ихээхэн хор нөлөөтэй.

 
-Тархан суурьшсан монголчуудын тухай олон өр өвдөм түүхүүдийг сонсож байсан. Та Өвөрмонголд байхдаа ямар амьдрал харж, сонсож байв?
-Би гунигтай ч гэх юм уу, нэг түүх яръя. Хятадын өмнөд мужуудад өөрсдийгөө монгол хэмээдэг хэд, хэдэн үндэстэн байдаг. Тэдний нэгэнд нь Монголоос нэг хүн очиж л дээ. Тэгтэл тэндхийн нэг хүн хятадаар ярьдаг хэрнээ өөрийгөө монгол гээд байж. Тэгээд өөрийгөө батлахын тулд гэртээ дагуулж очоод унтлагын өрөөгөө үзүүлэхэд нь хоёр давхар орных нь шат монгол дөрөө байсан гэдэг. Үүнийг хараад тэсэлгүй хоёр биенээ тэврээд уйлсан гэдэг. Дэлхийн монголчуудын тухай Тасамын Ц.Санчир маш олон жил судалгаа хийсэн. Түүний Цагаан монголчуудын тухай судалгаанд “Аяндаа мэнд л явсан уу даа, Нутгийн салхи нь сураггүй ээ. Ар л газартаа сууна уу, Хэзээ ирэх юм бол доо” хэмээн тэндхийн монголчууд дуулдаг тухай бичигдсэн байдаг. Энэ дуунаас л тэднийг түүхийн олон жилийн турш юу туулсныг төвөггүй мэдэж болно. Тиймээс бид энэ эх хэлээ, өв соёлоо авч үлдэж үр хүүхдүүддээ үлгэрлэн үлдээхийн тулд зөв сайхан ярьж, босоо монгол бичгээ ч мөн зааж сургах нь чухал юм.

 
-Энэ асуудлаар боловсролын салбарыг ч хүмүүс шүүмжилж байна. Бүх музейг хүүхдүүдэд үнэгүй үзүүлэх шийдвэр гарлаа. Та үүн дээр ямар бодолтой байна вэ?
-Юун түрүүнд хүүхдийг сурах сонирхолтой болгох хэрэгтэй. Хүүхдүүддээ музейгаа таньж мэдүүлэхийн тулд үндэстнийхээ онцлогт тааруулж, боловсролынхоо системийг өөрчлөх хэрэгтэй. Монголчууд нүүдэлчин ард түмэн. Тиймээс нүүдлийн мал аж ахуйн талаар цэцэрлэгээс нь эхлээд нас насных нь онцлогт тааруулаад зохих мэдлэгийг суулгаж өгөх нь чухал.
Бидний өв соёл, ёс заншил хэчнээн их билээ. Тухайлбал, монгол эрэгтэй хүүхэд нулимс чангатай, сэтгэлийн хаттай байдаг нь багаасаа малын бэлчээрт дээлээ ханзартал барилдаж өсдөгтэй холбоотой. Мөн уртын дууг эртнээс нааш уянгалуулан дуулж ирсэн нь малдаа явахдаа чанга дуу авиа гаргаж байдгаас эхлэлтэй. Тиймээс боловсролын системд уртын дуу, үндэсний бөхийн хичээлүүдийг оруулж өгөх нь зөв. Заавал бөх, дуучин бол гэж байгаа юм биш. Өв соёлыг ингэж таниулж үлдээх нь чухал. Үндэсний бөхийн хичээл ороход зодог шуудгаас эхлээд олон зүйлийг хүүхдүүд мэддэг болно.
Түүнээс гадна тууль хайлах, яруу найраг, уран зохиол, Монголын түүх тэр дундаа тархан суурьшсан элэг нэгт монголчуудынх нь талаар ч таниулах хэрэгтэй. Миний бодлоор Ц.Санчирын номноос түүхийн хичээлд оруулж өгвөл тун тустай.
Хүүхдийг бид эрдэм сургана гэж хэн нэгэнтэй өрсөлдүүлж уралдуулахаас илүүтэйгээр сонирхолтой зүйлийг нь дэмжиж урамшуулж, өв соёлыг нь өвлүүлж үлдээх нь бидний үүрэг юм.

 
-Тэгэхээр бид эх бичгээ сэргээн хэрэглэх нь зөв байна. Эрдэмтэд, зохиолчид эх хэлээ хамгаалах талаар дуу хоолойгоо өргөж байна. Үүнтэй та санал нийлж байна уу?
-Тэгэлгүй яахав. Олон жилийн түүхэнд бидний хэрэглэж ирсэн босоо монгол бичгийг маань крилл болгож өөрчилсөн. Хөгжил гэдэг зөвхөн өндөр барилга биш шүү дээ. Би залуудаа улсын шигшээ багийн тамирчин байлаа. Гадаад руу тэмцээнээр их явна, тэгэх тоолонд нэг л зүйлийг ойлгож анзаардаг байлаа. Эхлээд тухайн орны барилга байгууламж нь сайхан санагдана. Харин хэд очсоны дараа байгальдаа хэчнээн ээлгүй хандаж байгааг нь харж гайхдаг байсан.
Бид уул уурхай ухаад хөлгүй их баяжиж, хүнээс илүү болох нь юу л бол. Харин үндэсний гэх бүх зүйлдээ өөрийн хүүхэд шигээ элгэмсэг хандаж байж авч үлдэнэ. Бага залууд хүн аливаа юмны учрыг ухаж ойлгодоггүй шүү дээ. Миний багад манай аав сумын багийн дарга хүн байсан. Нууж ярих зүйлээ монгол бичгээр биччихдэг байлаа. Надад заах гэхэд нь би сураагүй. Харин хожим оюутан болсон хойноо зун нь наадмын бэлтгэл дээр 14 хоногийн дотор сурч билээ. Ер нь хамгийн хурдан сурдаг бичиг шүү дээ.
Бид хоёр том гүрний дунд оршдог жижигхэн үндэстэн, бид хоорондоо эвтэй байж оршин тогтнож үлдэнэ. Хэлгүй болно гэдэг хувцасгүй явахтай ижил юм. Аливаа зүйлийг эсэргүүцэхэд хүчээр шийдэлгүй оюун санаагаа нэгтгэж байж амжилтанд хүрнэ.

 
-Эх хэлээрээ зөв сайхан ярихын тулд бид юуг илүү анхаарах ёстой вэ?
-Үүн дээр хэвлэл мэдээллийнхэн, урлаг соёлынхон их анхаарах хэрэгтэй. Монгол гэсэн бүхнээ зөв сайхан таниулах хэрэгтэй. Түүнээс бид телевизээр олон дууны уралдаан, хошин шог үзээд хөгжинө гэж үгүй. Түүний оронд монгол ардын болон уртын дууны тухай илүү танилцуулсан нэвтрүүлэг, мөн кино зэргийг гаргах хэрэгтэй. Тухайлбал, уртын дууны үг гүн, аялгуу сайхан гэдгийг ойлгуулах юм. Монгол эр хүн ёстой л морин дэл дээр дуулж баймаар сайхан шүү дээ. Үүнийг задлаад яривал олон утга гарч ирнэ.
Овоо уулаа тахихаас авахуулаад бид маш их соёлтой ард түмэн. Үүнийгээ түгээн дэлгэрүүлэх хэрэгтэй. Тэгж байж бид эх хэлнийхээ ач тусыг ойлгуулж, монгол хүн болж төрсөнөөрөө бахархах болно.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” А.Доржханд

SHARE