Саудын Арабт сэтгүүлч Жамал Хашкожийн амийг бүрэлгэгчдэд ял оноожээ

Туркийн Истамбул дахь Саудын Арабын Ерөнхий консулын газарт 2018 онд сэтгүүлч Жамал Хашкожигийн амийг бүрэлгэхэд оролцсон зургаан хүнд ял оноосон тухай “Al Arabiya” телевиз мэдээлжээ.

Саудын Арабын таван иргэнд тус бүр 20 жил, нэг хүнд 10 жил хорих ял оноосон байна. Саудын Арабын Прокурорын ерөнхий газраас мэдээлэхдээ, ялын дүгнэлт эцсийнх бөгөөд үүгээр тус хэргийг хаасан гэжээ.

Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Саудын Арабын анхан шатны шүүх тус хэрэгт буруутгагдсан таван хүнд цаазаар авах, гурван хүнд тус бүр 24 жил хорих ял оноосон бөгөөд энэ оны тавдугаар сард талийгаачийн гэр бүл алуурчдыг өршөөж буйгаа мэдэгдсэн билээ. Саудын Арабын хуулиар хохирогчийн тал гэмт этгээдийг өршөөвөл ялыг нь хэрэгсэхгүй болгож болдог аж.

Б.Төгсөө 

SHARE