Европын холбоо Беларусийн удирдлагаас баривчлагдсан бүх жагсагчийг суллахыг шаардав

Европын холбооны Дипломат албаны тэргүүн Жосеп Боррел Беларусийн удирдлагаас эсэргүүцлийн жагсаал цуглааны үеэр баривчлагдсан бүх хүнийг нэн даруй суллахыг шаардаж, хүчирхийлэл, хэлмэгдүүлэлт, сонгуулийн дүнг худал зарлахад оролцсон албан тушаалтнуудад хориг арга хэмжээ авна хэмээн мэдэгдэл гаргажээ.

Мэдэгдэлд, “Европын холбоо Беларусийн удирдлагаас дүнг нь худал мэдээлсэн наймдугаар сарын 9-ний Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө болон хойно улс төрийн учир шалтгаанаар баривчлагдсан бүх хүнийг нэн даруй суллана гэдгийг хүлээж байна. Беларусийн эрх баригчид улс төрийн мөрдөн мөшгөлтийг зогсоон Беларусийн ард түмний үндсэн эрх, ардчиллын зарчмыг бүрэн баримталсан үндэсний яриа хэлэлцээнд оролцоно гэдэгт найдаж байна.

Европын холбоо улс төрийн шалтгаанаар баривчлах ажиллагаа үргэлжилсээр буйг эрс буруушааж байна. Өнгөрсөн ням гаригийн эв нэгдлийн тайван жагсаалын дараа сөрөг хүчний Мария Колесникова, Андрей Егоров, Ирина Сухий, Антон Родненков, Иван Кравцов зэргийг хууль бусаар хулгайлан саатуулж, нийтдээ 633 хүнийг шоронд хорьжээ. Беларусийн төрийн байгууллагууд иргэдээ адал балмадаар айлган сүрдүүлсээр улсынхаа хууль дүрэм төдийгүй дэлхийн хамтын нийгэмлэгийн өмнө хүлээсэн үүргээ хөсөрдүүлж буй нь илэрхий. Беларусийн ирээдүйг хэлэлцэхэд оролцогч иргэний нийгмийн субъектууд, үүний дотор Зохицуулах зөвлөлийн гишүүд айлган сүрдүүлэлт, шалтгаангүй баривчилгаа, хүчирхийллээс хамгаалагдсан байх ёстой” гэжээ.

Б.Төгсөө

SHARE