МАН ялахын тулд Нийслэлийн МАН-ыг хуралдуулж, даргаар нь Су.Батболдыг тавих хэрэгтэй

 

 

Д.Санаа

Хориодхон хоногийн дараа намууд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ СЕХ-нд бүртгүүлэх ёстой. АН ч яахав, 6-7 горилогчоос “шүүгээд” нэгийг нь зүтгүүлчихнэ.

Харин МАН өнөө хэр нь хэн нэр дэвших вэ гэдэг дээр тогтож амжаагүй байна. Өнөөдрийг хүртэл ярьж ирсэн ганц нэр дэвшигчтэй. Тэр нь УИХ-ын дарга, МАН-ын дарга М.Энхболд юм.

Ер нь бол МАН дотор түүнтэй чихэлдээд байх нэр дэвшигч одоогоор алга. Тийм учраас М.Энхболд Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх хамгийн магадлалтай нэр дэвшигч  гэсэн үг. Гэхдээ тэрээр шулуун зам, ногоон гэрлээр яваад Ерөнхийлөгч болчихно гэвэл үнэнээс холдоно.

Эдийн засгийн хямрал, ОУВС-гийн хөтөлбөр, татварын нэмэгдэл зэрэг хоорондоо уяатай үйл явдлууд МАН-ын нэр хүндэд сөргөөр тусч байгааг хэлэх хэрэгтэй.

УИХ-д 65 гишүүнтэйгийн хэрэг юу билээ, зүтгээд үзэхэд гараад ирэх боломж бас бий.  Мань 65-ын чадал чансаа, нэр хүндийн рейтинг Ерөнхийлөгчийн сонгуультай хамт гарна гэсэн үг.

Гэвч бас нэг асуудал байгаа. Сонгогчдын цөм оршин суудаг нийслэлийг энэ байгаагаар нь байлгаад сонгуульдвал АН-д алдана. Нийслэлийн Баянгол, Баянзүрх дүүргүүдэд АН ялалт байгуулсан. Өөрөөр хэлбэл, энэ хоёр дүүрэгт МАН-аас нэр дэвшигч шууд унана гэдгээ тооцоолох ёстой.

Нөгөөдүүл нь ч бас эвгүй. Харьцангуй мэдээлэл дунд байдаг, дээр дурдсан татварын нэмэгдлийг хамгийн түрүүнд мэдэрч байгаа нийслэлчүүд хэдэн сарын өмнө өгсөн саналаа буцаана гэдэг энүүхэнд юм.

Хамгийн гол нь Нийслэлийн МАН асар сул байна. Нийслэлийн МАН-ын дарга Ц.Сандуй сонгуулийн үеэр 60 тэрбумын талаар бичлэгээс болж нэр хүндээ унагасан. Яалт ч үгүй ялсан намын бяраар тамга атгаад ажиллаж байна. Дээрээс нь Хотын дарга Су.Батболд, НИТХ-ын дарга Ц.Сандуй нарын зөрчил Нийслэлийн МАН-ыг “нар өөд харуулах” янз алга. Ёстой л ундуй сундуй байна, энэ хотын асуудал.

Яг үнэндээ нийслэлчүүд сонгуулийн маргаашаас л Э.Бат-Үүлийг “санаад” эхэлснийг хэлэх хэрэгтэй. Гашуун боловч маш үнэн юм, энэ.

Ийм нөхцөлд МАН-аас Ерөнхийлөгчид нэр дэвшсэн хүн Улаанбаатарт ялалт байгуулна гэдэг чинь,  ээ дээ мөн хэцүү шүү.

Тиймээс сонгуулийн өмнө Нийслэлийн МАН-ыг хуралдуулах хэрэгтэй байгаа юм. Тэгээд нэр арай цэвэр, төрийн ажлын дээд төвшинд ажиллаад ирсэн Су.Батболдыг Нийслэлийн МАН-ын даргаар тавьж, богино хугацаанд эмх цэгцтэй болгох ажлыг эхлүүлэх хэрэгтэй. Ингэж гэмээнэ удахгүй болох Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-ын нэр дэвшигч сонгогдож, МАН ялалтаа бататгана гэдгийг учир мэдэх хүмүүс яриад эхэллээ.

 

Эх сурвалж: www.news1.mn

SHARE

91 сэтгэгдэлтэй