Нефтийн үнэ цаашид ч унах төлөвтэй

Лондоны ICE бирж дээр “Brent” ангиллын нефтийн үнэ өчигдөр 5.38 хувиар унаж баррель нь 41.72 ам.доллар, “WTI” ангиллын нефтийн үнэ 4.7 хувиар хямдарч баррель нь 39.33 ам.доллар болсон тухай “ВВС” агентлаг мэдээлж байна.

Дэлхийн зах зээл дэх нефтийн үнэ үргэлжлэн унаж буй нь юуны түрүүнд коронавирусын цар тахлын байдалтай холбоотойгоос гадна үүнд нефть олборлогч тэргүүлэгч улс орнууд олборлолтын хязгаарлалтаа сулруулж буй нөлөөлж байгаа аж.

Олон улсын зарим шинжээчдийн үзэж буйгаар цар тахлаас үүдэн огцом унасан нефтийн хэрэгцээ хуучин хэмжээндээ дахин хэзээ ч хүрэхгүй бөгөөд тус салбарын хямрал нефтийн эринд цэг тавьж ч болзошгүй ажээ. Энэ он гарсаар нефтийн хэрэглээ урьд нь төлөвлөж байснаас даруй 10 сая баррелиэр буурсан бөгөөд дэлхийн зах зээл дэх үнэ нь цаашид ч унах төлөвтэй.

Б.Төгсөө

SHARE