Гадаад валютын харилцах, хадгаламж эзэмшигчдийн анхааралд

МЭДЭГДЭЛ

Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Монгол Улсын Их Хурал баталсан.

Уг хууль нь 2020 оны 4-р сарын 29-ний өдрөөс мөн оны 12-р сарын 31-ны өдөр хүртэл хүчин төгөлдөр мөрдөгдөнө.

Энэхүү хуулийн 10 дугаар зүйлийн 10.4 дэх хэсэгт “Цар тахлын үед банкны харилцах дансанд хүү тооцохгүй, гадаад валютын хадгаламжийг албан журмын даатгалд хамруулахгүй бөгөөд иргэн, хуулийн этгээд хоорондын гүйлгээг үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэнэ” гэж заасан байна.

Дээрх хуулийн заалт нь Монголбанкны төгрөгийн тогтвортой байдлыг хангах зорилтын хүрээнд гадаад валютын түр зуурын шинжтэй зохиомол эрэлтийг бууруулж, гадаад валютын  хадгаламжийг хязгаарлах бодлогын хүрээнд “Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн мөрдөгдөх хугацаанд даатгалын тохиолдол үүсвэл гадаад валютын харилцах, хадгаламж эзэмшигчдэд хадгаламжийн даатгалын нөхөн төлбөр олгохгүй” байхаар зохицуулсан болно.

Хэрэв даатгалын тохиолдол бий болвол уг хуулийн хүчин төгөлдөр байх хугацаанд энэ хуулийн 10 дугаар зүйлийн 10.4 дэх хэсэгт заасны дагуу гадаад валютын харилцах, хадгаламж эзэмшигчдэд хадгаламжийн даатгалын нөхөн төлбөр олгохгүй бөгөөд харин төгрөгийн харилцах, хадгаламж эзэмшигчдэд Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийн дагуу нөхөн төлбөр олгох болно.

 

Лавлах утас: 370-000

ХАДГАЛАМЖИЙН ДААТГАЛЫН КОРПОРАЦИ

SHARE