Энэ засгийн газрын эзнийг нь олсон томилгоонууд

Монгол Улсын 31 дэх Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газар бүрэлдлээ. Шинэ Засгийн газрын бүтцэд орж ажиллах албан тушаалтнуудын томилгоо үргэлжилсээр…

Хэзээнээс байсаар ирсэн томилгоо тойрсон магтаал, шүүмжлэл өрнөж л байна. Өөрөөр хэлбэл, яам, агентлаг толгойлохоор томилогдож буй хүмүүсийн дунд арай дөнгүүр нь ч байна, ажлаа даах уу үгүй юу гэмээр хүмүүс ч байгаа юм.

Ер нь бол хэн хариуцаж, удирдаж, гүйцэтгэж байгаагаас тэр ажил “хаачих” вэ гэдэг ихээхэн шалтгаалдаг. Манай төрд тийм өгөөжтэй, бас сургамжтай түүх бий.

Тиймээс энэ олон томилгоон дундаас заримыг нь онцлолж буй юм.

Товчхондоо, эзнийг нь олоод томилчихсон хэд хэдэн албан тушаал байна. Ерөнхий сайдын томилгооны бүгдэд нь биш ч доорхи хүмүүсийг томилсонд олон нийт ам сайтай байгаа хэрэг.

Тухайлбал, ОУХ-ын Москвагийн Олонулсын харилцааны их сургууль, ХБНГУ-ын Халле коллеж, ХБНГУ-ын Ханновэрын их сургуулийн төгсөгч А.Ариунзаяа Монгол Улсын Засгийн газрын гишүүн, ХНХ-ын сайдаар томилогджээ. Тэрээр улс төрийн шинжлэх ухаан, нийгэм судлалын мэргэжилтэй, бизнесийн удирдлагын магистр зэрэгтэй. А.Ариунзаяа  2016 оноос Монгол Улсын Үндэсний статистикийн хороо /ҮСХ/-ны даргаар ажиллаж байгаад ийн ХНХ-ын сайд болж байгаа юм.

Эрүүл мэндийн сайдаар томилогдсон Т.Мөнхсайхан нь АШУИС-ийг их эмчээр төгсч, улмаар 2006 оноос ГССҮТ-д гэмтэл согог судлалын их эмчээр ажиллаж байгаад 2016 онд ГССҮТ-ийн ерөнхий захирлаар, 2019 оноос УНТЭ-ийн ерөнхий захирлаар тус тус томилогдон ажиллаж байжээ. Тэрээр Үений дурангийн Нийгэмлэгийн захирал,  Монголын түлэнхийн сангийн тэргүүн,  Олон улсын үе судлалын нийгэмлэгийн тэргүүлэгч, гишүүн зэрэг үүргийг хавсран гүйцэтгэдэг.

Т.Мөнхсайхан нь ГССҮТ-д ажиллаж байх хугацаандаа Монголд анх удаагаа үений дурангийн мэс засал, Хагас хиймэл үеийг солих мэс засал, Мөрний дурангийн мэс засал болон шөрмөс шилжүүлэн суулгах мэс заслуудыг тус тус нэвтрүүлэн нутагшуулсан гэгддэг. УНТЭ-ийн ерөнхий захиралаар  ажиллаж буй жил ормын хугацаанд хоёр Монголд анх удаагаа хоёр талт буюу амбулаторийн эмийн сан, цогц үзлэг, оношилгооны “Эрүүл мэндийг дэмжих төв”, эмчилгээний 10 орчим шинэ технологи, инновацийг нэвтрүүлж, 20 орчим эмчилгээ, үйлчилгээний томоохон дэвшилтүүдийг хийж, хэрэгжүүлжээ.

Норвеги Улсын Дэлхийн нэгдсэн коллеж, АНУ-ын Макалестер коллеж, АНУ-ын Харвард Их сургуулийн төгсөгч  О.Батнайрамдал УУХҮ-ийн дэд сайдаар томилогдлоо. О.Батнайрамдал нь эдийн засагч мэргэжилтэй, бизнесийн удирдлагын магистрын зэрэгтэй. Тэрээр “Ориго партнерс Монголиа”-д уул уурхайн хөрөнгө оруулалт хариуцсан дэд ерөнхийлөгч, АНУ-ын Банк оф Америка-ийн Нью-Йорк болон Сиднейн салбарт уул уурхайн хөрөнгө оруулалтын банкир, “Эрдэнэс тавантолгой” ХК-д IPO, хувьцаа хариуцсан дэд захирал, ЗГХЭГ-ын даргын зөвлөхөөр ажиллаж байсан юм.

Мөн С.Зульфикарыг ХНХ-ын дэд сайдаар томилсон байна. С.Зүльфикар МУИС-ийг төгссөн. Социологич мэргэжилтэй. Доктор, профессор цолтой. Удирдлагын академид багш, ахлах багш, Удирдлагын академийн Нийгмийн удирдлагын хөтөлбөрийн удирдагч, Нийгмийн удирдлагын тэнхимийн эрхлэгч, Удирдлагын академийн Улс төр судлал, нийгмийн удирдлагын тэнхимийн эрхлэгч, Удирдлагын академийн захирлаар ажиллаж байжээ.

АНУ-ын Калифорнийн олон улсын их сургууль, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн төгсөгч Б.Баасандоржийг өчигдөр ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар томиллоо. Б.Баасандорж нь эрх зүйч мэргэжилтэй, бизнесийн удирдлагын магистр зэрэгтэй юм байна. Тэрээр 2001 оноос УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн даргын туслах, Хуулийн хэлтсийн шинжээч, Хууль зүйн байнгын хороонд референт, зөвлөх, ахлах зөвлөх, Хууль зүйн яаманд газрын дарга, УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны ахлах зөвлөхөөр ажиллаж байгаад 2018 оны зургадугаар сарын 13-нд УБЕГ-ын даргаар томилогдсон юм.

БОАЖЯ, БШУЯ, Швейцарийн хөгжлийн агентлагийн “Тогтвортой хөгжлийн боловсрол II” төслийн зөвлөх, сургагч багш, доктор Д.Сүрэнчимэгийг ЗГХЭГ-ын Удирдлагын акдемийн захирлаар томилжээ. Тэрээр МУИС-ийн Олон улсын харилцааны дээд сургууль, Удирдлагын академи төгссөн. Франц хэлний багш, орчуулагч мэрэгжилтэй. Удирдахуйн ухааны докторын зэрэгтэй.  Д.Сүрэнчимэг энэ албан тушаалд томилогдохоосоо өмнө БСШУСЯ-ны харьяа Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн захирлаар ажиллаж байжээ.

Оксфордын их сургуулийн төгсөгч Б.Болор-Эрдэнийг Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын даргаар томилжээ. Технологийн чиглэлээр мэргэшсэн Б.Болор-Эрдэнэ ЗГХЭГ-ын даргын Хөгжлийн бодлого хариуцсан зөвлөх, Цахим хөгжлийн үндэсний хорооны ажлын албаны даргаар ажиллаж байжээ. Мөн “Цахим эрин дэх Монгол Улс” төслийг удирдагч юм байна. Оксфордын Их сургууль, “Билл, Мелинда Гэйтс” сан хамтарч Мелинда Гэйтсээр удирдуулсан Технологийн хөгжлийн комиссыг байгуулан ажиллаж байгаа бөгөөд тус комисс үйл ажиллагааны хүрээнд гурван орныг жишиг болгон сонгож технологийн бэлэн байдлын судалгааны төслийг хэрэгжүүлж байгаагийн нэгээр Монгол Улс шалгарсан. Б.Болор-Эрдэнэ уг төсөлд Монгол Улсын Засгийн газрыг төлөөлөн ажиллаж буй ажлын хэсгийг ахалж байгаа аж.

 

Б.Ням

Эх сурвалж: Өдрийн сонин

 

SHARE