ХОТЫН ДАРГА ХОРООДОД ХҮРЧ АЖИЛЛАЖ ЭХЭЛЛЭЭ

 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдоор ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр Жаргалант тосгонд ажиллаж, иргэд, фермерүүдтэй уулзлаа.  Хуучнаар Партизаны сангийн аж ахуй гэж нийслэлийн иргэд нэрлэж заншсан энэ тосгонд  анх удаа  хотын дарга ирж байгаад баяртай байна гэдгээ  иргэд хэлж, хотын хөдөө болсон хорооны амьдралтай танилцаж, тулгамдсан асуудлыг нь шийдвэрлэхээр ажиллаж байгаад талархалл илэрхийлсэн юм.  Учир нь  үе үеийн  Нийслэлийн засаг дарга нар  энэ тосгоны иргэдтэй уулзахаас илүүтэй  дайраад өнгөрчихдөг байсан гэнэ.  Ийм байдлаар  35 жил өнгөрсөн байна гэж  тус тосгоны ахмадууд хэллээ. “Хотын дарга нар голцуу фермер, газар тариаланчид, ногоочдын  хашаа,  аж ахуйгаар  танилцаад өнгөрдөг байсан. Харин энэ удаад хорооны иргэдтэй уулзаж, зовлон жаргалыг нь сонсож байгаа анхны хотын дарга та боллоо.” гэж  Сонгинохайрхан дүүргийн  21 р хорооныхон хэлсэн юм.  2 цаг гаруй үргэлжилсэн уулзалтыг нээж  Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч  С.Батболд хэлэхдээ “Улаанбаатар хотын иргэдийг экологийн хүнснээр хангах нь бидний тулгамдсан сэдэв. Ялангуяа газар тариалан, эрчимжсэн мал  аж ахуй хөгжиж байгаа өнөө үед бид 19 р зууны үе шигээ явж болохгүй. Тиймээс хотын даргын хувьд нийслэл хотод сүү, цагаан идээ,  төмс хүнсний ногоо, нарийн ногоо нийлүүлдэг Жаргалант тосгоны иргэдээ зорин ирж уулзаж байна. Тулгамдсан асуудлаа нээлттэй ярилцаж, шийдвэрлэх  асуудлыг ч цаг алдалгүй хийх ёстой.” гэдгийг онцолсон юм. Мөн “Хотын даргын эрх мэдлийн хүрээний асуудлыг шийднэ. Харьяа яам, тамгын газраар шийдүүлэх асуудлыг уламжлан,  шийдүүлэхийн төлөө ажиллана.”  гэв. 

СХД-ийн 21 дүгээр хороо 6200 гаруй хүн амтай.  Иргэдийн дийлэнх нь эрчимжсэн мал аж ахуй болон хүлэмжийн аж ахуй эрхэлдэг байна. Гэвч цахим газар олголт нэрийдлээр мал бэлчих талбай, хүлэмж барих газрыг нь нийслэлийн иргэд өмчилөн авснаас болооп цаашид фермийн болон хүлэмжийн аж ахуйгаа өргөтгөхөд хүндрэлтэй болсныг хэллээ. Тариа ногоогоо тарих газаргүй байхад зарим хүмүүс уулын амыг  хашиж, хашаа хатган, мал бэлчээх газаргүй,  тариалалт хийх боломжгүй болгож, машины дугуйны хогонд дарагдаад байгаагаа  хотын даргад  Жаргалант тосгоныхон хэллээ.

Хотын даргын зүгээс “Иргэдээс ийм төрлийн гомдол ихээр ирсэн учраас цахим газар олголтыг зогсоосон. Зарим хүнд алга дарам газар олдохгүй байхад нэг хэсэг нь  эрх мэдэл, танил талаараа далимдуулан уулын ам  хашин, хэдэн  га газар хашсан эрх тэгш биш байдлыг хотын даргын хувьд хална. Уулын амын газар олголтыг судалж, эзэмших гэрчилгээг цуцлах арга хэмжээ авна.  Нийслэлийн газрын албаныхан  5 өдөр  Жаргалант тосгонд ажиллаж, газар олголт, ашиглалтын нарийвчилсан  судалгааг хийнэ.” гэлээ. Мөн СХД-ийн 21-р хорооны нутаг дэвсгэр буюу иргэдийн хэлж заншсанаар  61-ийн гарам орчим 1000 гаруй хүн, 400 гаруй өрх амьдардаг. Хүн ам ихтэй ч цагдаагийн хэсэг байхгүй учраас гэмт хэргийн гаралт өндөр байгааг цагдаагийн алба хаагчид учирлав. Нийслэлийн Засаг дарга С.Батболд уг асуудлыг шийдвэрлэж өгөхөө мэдэгдлээ.

Мал аж ахуй эрхэлдэг иргэд бэлчээрийн талбай байхгүй учраас өвс тэжээлээ худалдан авдаг. Гэхдээ өвс тэжээлийн үнэ өндөр учраас малынхаа мах,  сүүг нийслэлчүүдэд харьцангуй өндөр үнээр нийлүүлэх болдог.  Энэ тал дээр хотын зүгээс анхаарвал нийслэлийн иргэд одоогийнхоос хямд өртгөөр, эх орны хөрсөнд ургасан хүнсээ худалдан авах гарц байгааг ч  хотын  даргад дуулгав. Үүнийг хотын удирдлагууд судалж, арга хэмжээ авч ажиллахаар боллоо. Мөн  тус тосгоны эрүүл мэндийн үйлчилгээ хүндхэн байдаг.  Оршин суудаг иргэдийн тоо  6000-аас гадна байнгын хөл хөдөлгөөнтэй  учраас  3000 хүн нааш цааш  явдаг.  Хэтрүүлэн хэлбэл  бараг л сумын хэмжээний  хотын хороонд  түргэн тусламжийн машин байдаггүй гэдгийг эмнэлгийн дарга хэлсэн. Энэ асуудлыг судалж,  шийдвэрлэнэ гэдгээ нийслэлийн удирдлагууд хэллээ.

Хууль бусаар олгосон газрын эрхийг цуцална

СХД-ийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт нийслэлийн ажилгүй иргэдийг бүлгийн зохион байгуулалтаар газар тариалан эрхлүүлэх зорилгоор 220 га талбай олгосон байдаг. Гэтэл иргэд төмс, хүнсний ногоо тарих газрыг 25 хүнд 2013 онд олгож, гэрчилгээг нь олгожээ. Энэ талаар хотын дарга, удирдлагууд тус хороонд ажиллах үеэр танилцууллаа. Хотын дарга С.Батболд хэлэхдээ “Энэ газрыг зориулалтын дагуу ашиглах ёстой. Тиймээс 25 айлын газрын эрхийг цуцална. Иргэд ногоогоо тарих боломжийг бүрдүүлнэ.” хэмээлээ. Үүнд ч иргэд, тариаланчид, фермерүүд ам сайтай байна.  Газрын менежментийн шинэ бодлого хэрэгжүүлж, газар олголт, ашиглалтыг эргэн сайн  судалж,  иргэдийн  нийтийн эрх ашигт нийцсэн  газар олголтыг хийнэ гэдгээ хэлсэн юм. Өмнө нь хотын дарга хорооны асуудалд анхаарч, шийдвэрлэж байсан тохиолдол байхгүй хэмээж байсан юм гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

SHARE