ТОЙМ МЭДЭЭ: УИХ-ЫН ДАРГА М.ЭНХБОЛД ОУПХ-НЫ АССАМБЛЕЙН 136 ДУГААР ЧУУЛГАНД ОРОЛЦЛОО

 

Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд Япон Улсад хийсэн албан ёсны айлчлалаа өндөрлөж, Бүгд Найрамдах Бангладеш Улсын нийслэл Дака хотноо 2017 оны 04 дүгээр сарын 01-04-ний өдрүүдэд Олон Улсын Парламентын Холбоо /ОУПХ/-ны Ассамблейн 136 дугаар чуулганд оролцлоо. Улсын Их Хурлын даргын ОУПХ-ны Ассамблейн чуулганд оролцсон талаарх мэдээллийг багцлан хүргэж байна.

2017 оны 04 дүгээр сарын 01. Бямба гараг:

ОУПХ-ны Бүс нутгийн бүлгүүдийн дарга, Байнгын хорооны ерөнхийлөгч нарын уулзалтад оролцлоо

Уулзалтаар ОУПХ-ны Удирдах зөвлөл, Гүйцэтгэх хороо, Байнгын хороод, бүтцийн бусад нэгжүүдэд эмэгтэй болон залуу гишүүдийн оролцоог нэмэгдүүлэх, ОУПХ-ны тогтоол, шийдвэрийн хэрэгжилтийн талаарх гишүүн орнуудын тайлангийн үр дүнг сайжруулах, Олон улсын ардчиллын өдөрт бэлтгэх, хурцадмал болон сөргөлдөөнт нөхцөлд байгаа Сири, Йемен, Венесуэл, Камбож зэрэг улс орнуудад үүссэн асуудал, хүний эрхийг хангах, зөрчлийг намжаах зэрэг анхаарал татсан асуудлуудыг хэлэлцлээ.

Улсын Их Хурлын дарга М.Энхболд хэлсэн үгэндээ, “ОУПХ-ны Ази, Номхон далайн бүсийг төлөөлөн саналаа илэрхийлж байна. ОУПХ дахь залуусын оролцоог нэмэгдүүлэх асуудлыг хэлэлцэж байгаа нь цагаа олсон, зүйтэй алхам гэж үзэж байгаагаа юуны өмнө илэрхийлье. Одоогоор залуу парламентчдын эзлэх хувь 10 хүрэхгүй байгаа нь чамлалттай юм. Дэлхийн улс орнуудын үндэсний парламент дахь 45-аас доош насны гишүүдийн оролцоо 26 орчим хувьтай байгаа. Монгол Улсад өнгөрсөн 2016 онд парламентын сонгууль болсон. Сонгогдсон нийт гишүүдийн 38 хувь нь 45-аас доош насныхан байна. Энэ удаагийн Ассамблейд оролцож буй 7 гишүүний 3 нь энэ насныхан. Тиймээс залуу парламентчдын төлөөллийн тоог нэмэгдүүлэх, тэдний үг хэлэх, санал бодлоо илэрхийлэх боломжийг аль болох түлхүү хангах нь зүйтэй гэж үзэж байна” гэв.

 

Улсын Их Хурлын дарга М.Энхболд Олон улсын парламентын холбооны ерөнхийлөгчтэй уулзлаа

ОУПХ-ны 136 дугаар чуулганд оролцож буй Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд ОУПХ-ны ерөнхийлөгч Сабер Хоссейн Чаудритай уулзлаа.

Дэлхий даяар тэгш бус байдлыг арилгах, улс орнуудын тогтвортой хөгжлийг хангах, хүн амын сайн сайхан амьдралын нөхцөл бололцоог бүрдүүлэх сэдвээр энэ удаагийн Чуулган болж буйд сэтгэл хангалуун байна. Монгол Улс “Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030” баримт бичгийг парламентаараа баталсан. Дэлхийн улс гүрнүүдийн удирдагчид 2015 онд дэлхий нийтийн хүсэл зоригийн илэрхийлэл болсон “Тогтвортой хөгжлийн зорилтууд”-ыг баталсан билээ. Монгол Улс эдгээр зорилтыг биелүүлэхийн төлөө урьдын адил чармайж ажиллана гэж УИХ-ын дарга М.Энхболд онцлон тэмдэглэлээ.

Ноён Сабер Хосейн Чаудри улс орнуудын үндэсний парламент улам илүү нэгдэж ажиллах шаардлагатай байгаа нь дэлхий нийтэд өрнөж буй сүүлийн үеийн асуудлуудаас тодорхой байна. Биднээс тухайн улс орны ард иргэд, дэлхий нийт илүү ихийг хүсэн хүлээж байгааг бид ойлгох ёстой. Тиймээс парламентууд үйл ажиллагаагаа уялдуулах шаардлага урьд урьдынхаас илүү чухал болж байна гэж онцлов.

 

УИХ-ын дарга М.Энхболд ОУПХ-ны Ази, Номхон далайн бүлгийн даргаар сонгогдож, хуралдаан даргаллаа

Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболд Олон улсын парламентын холбооны Ази, Номхон далайн бүлгийн даргаар сонгогдож, тус бүлгийн хуралдааныг даргалав.

Тус бүлгийн хуралдаанаар:

– Швейцарийн Женев хотноо 2016 оны аравдугаар сарын 17-ны өдөр болсон Ази, Номхон далайн бүлгийн хуралдааны тэмдэглэлийг батлах;

– ОУПХ-ны Гүйцэтгэх хорооны гишүүдийн мэдээллийг сонсох;

– ОУПХ-ны Ассамблейн 136-р чуулганы үеэр явагдах Залуу парламентчдын чуулга уулзалтын Удирдах зөвлөл, Эмэгтэй парламентчдын товчоо, Ойрхи Дорнодын асуудлын хороо, Парламентчдын хүний эрхийн хорооны сонгуульд тус бүлгээс нэр дэвшүүлэх;

– Ази, Номхон далайн бүлгийн дүрэмд өөрчлөлт оруулах зэрэг асуудлыг хэлэлцлээ.

ОУПХ-ны Ази, Номхон далайн бүлгийн дарга М.Энхболд хуралдааныг нээж хэлсэн үгэндээ, эдүгээ дэлхий дахинаа улам бүр өсөн нэмэгдэж буй тэгш бус байдал нь хүний сайн сайхан аж төрөхөд сөрөг нөлөө үзүүлж, эдийн засаг, нийгэм, улс төрийн тогтворгүй байдлыг бий болгож байгаа нэг үндсэн шалтгаан юм. Энэ удаагийн чуулганы Ерөнхий хэлэлцүүлэг “Тэгш бус байдлыг арилгах нь: Хүн бүр нэр төртэй, сайн сайхан аж төрөх нөхцөлийг бүрлүүлэх нь” сэдвээр болж байгаа нь НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 70 дугаар чуулганаас баталсан “Тогтвортой хөгжил-2030” хөтөлбөрт тусгасан зорилтууд, түүний дотор улс орнуудын хоорондын болон улс доторх тэгш бус байдлыг арилгах зорилтыг хэрэгжүүлэхэд цаг үеэ олсон, чухал алхам болно гэж үзэж байна гэлээ.

2017 оны 04 дүгээр сарын 02. Ням гараг:

Монгол Улсын Их Хурлын дарга, ОУПХ-ны Ази, Номхон далайн бүлгийн дарга М.Энхболд ОУПХ-ны Ассамблейн 136-р чуулганд үг хэллээ

УИХ-ын дарга М.Энхболд ОУПХ-ны Ассамблейн “Тэгш бус байдлыг арилгах нь: Нийт хүн амыг нэр төртэй, сайн сайхан амьдрах нөхцөлөөр хангах нь” нэгдсэн хэлэлцүүлэгт оролцож, үг хэллээ.

ОУПХ-ны 136-р чуулганаар НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас баталсан тогтвортой хөгжлийн зорилтуудыг биелүүлэхэд парламент, парламентчдын үүрэг, санхүүгийн боломжийг нэмэгдүүлэх, хүний эрх, энх тайван, аюулгүй байдлыг сахин хамгаалах болон эмэгтэйчүүд, хүүхдийг ялгаварлан гадуурхах, хүчирхийлэх, тэвчишгүй хөдөлмөрөөс сэргийлэх, төлөөллийн ардчиллыг хөгжүүлэх, парламент хоорондын хамтын ажиллагааг уялдуулах, олон улсын хэмжээнд тулгараад буй бэрхшээлт асуудлыг хамтран шийдвэрлэх зэрэг өргөн хүрээтэй асуудлыг хэлэлцэв.

Д.Лүндээжанцан: Монголын парламентын нэр хүндийг илтгэсэн чухал үйл явдал боллоо

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, ОУПХ-ны ээлжит чуулганы үеэр орон орны парламентын тэргүүнүүд уулзаж парламент хоорондын төдийгүй улс хоорондын болоод ард түмэн хоорондын харилцааны асуудлаар ярилцдаг уламжлалтай.

Ер нь Монголын парламентын нэр хүнд олон улсын тавцанд өсөж буйн олон илрэл нь ОУПХ-ны энэ удаагийн чуулганы үеэр харагдлаа. Үүний нэг тод баримт нь Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд энэ удаагийн чуулганы үеэр тус холбооны Ази, Номхон далайн парламентын бүлгийн даргаар сонгогдон ажиллаж байгаа явдал юм гэж байр сууриа илэрхийлэв.

 

Улсын Их Хурлын дарга М.Энхболд дэлхийн улс орнуудын парламентын тэргүүн нартай уулзлаа

Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд ОУПХ-ны 136 дугаар чуулганд оролцож буй Бүгд Найрамдах Бангладеш Ард Улсын парламентын дарга, хатагтай Ширин Шармин Чаудритай, Тайландын Вант Улсын Хууль тогтоох үндэсний ассамблейн Тэргүүн дэд ерөнхийлөгч Сурачай Лиенбонлертчай, Бүгд Найрамдах Ирланд Улсын парламентын дарга, сенатч Денис О’Донован, Шри Ланкийн парламентын дарга Кару Жаяасуриятай болон Бүгд Найрамдах Энэтхэг Улсын парламентын Доод танхим Лок Сабхагийн тэргүүн Сумитра Махажантай нартай хоёр талын уулзалт хийлээ.

 

ОУПХ-ны чуулганд оролцогч Социнтерний гишүүн намуудын төлөөлөгчид уулзав

Бангладешийн Дакка хотноо болж буй ОУПХ-ны 136 дугаар чуулганд оролцож байгаа Социнтерний гишүүн намуудын төлөөлөгчид уулзлаа.

Уулзалтын  үеэр Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд хэлсэн үгэндээ, Социнтерний XXV их хурлаас манай намын болон УИХ-ын гишүүн, өмнө нь Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан С.Батболд Социнтерний дэд ерөнхийлөгчөөр дахин сонгогдсон. Социнтерний дэргэдэх эмэгтэйчүүд, залуучуудын байгууллагын үйл ажиллагаанд манай намын гишүүд ихээхэн идэвхтэй оролцдог.

 

Д.Хаянхярваа: УИХ-ын дарга М.Энхболд ОУПХ-ны өмнө нэр хүндтэй, хариуцлагатай үүрэг хүлээлээ

УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа хэлэхдээ, ОУПХ-ны Ассамблейн 136 дугаар чуулганы нэг онцлог нь залуучууд, эмэгтэйчүүдийн оролцоог парламентад нэмэгдүүлэх, улмаар манай дэлхийд байгаа тэгш бус байдлыг арилгахад чиглэгдсэн гол санаануудаа парламентын гишүүд хөндөн ярилцаж байна.

Энэ удаагийн чуулганы үеэр манай улсын хувьд онцлох нэг үйл явдал боллоо. ОУПХ-ны Ази, Номхон далайн бүст 33 орны парламент багтдаг, тухайлбал ОХУ, БНХАУ, Япон, Австрали, Шинэ Зеланд зэрэг томоохон улс ордог. Энэ бүлгийн даргаар өнөөдөр Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболдыг сонголоо. Энэ нь Монгол Улсын парламентын нэр хүнд дэлхийд өсөж байна, түүнээс гадна Улсын Их Хурлын дарга маань нэр хүнд, туршлагын хувьд дэлхийн түвшинд танигдсан улстөрч болж байна гэж би хувьдаа ойлгож байна гэв.

 

УИХ-ын гишүүд ОУПХ-ны Байнгын хорооны чуулган, салбар хуралдаануудад оролцов

2017 оны 4 дүгээр сарын 1-2-ны өдрүүдэд ОУПХ-ны 136 дугаар чуулганы Тогтвортой хөгжил, санхүү, худалдааны байнгын хорооны салбар хуралдаанаар “Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хангахад эмэгтэйчүүдийн санхүү, бизнесийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх нь” сэдэвт тогтоолын төслийг хэлэлцлээ. Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн Н.Амарзаяа, О.Баасанхүү, Н.Номтойбаяр нар Монгол Улсаа төлөөлөн оролцов.

Энэхүү тогтоолын төсөлд нэмэлт, өөрчлөлт оруулахаар манай улсаас гадна Бахрейн, Канад, БНХАУ, ХБНГУ, Грек, Индонез, Кени, Монако, Румын, Швед, Швейцарь, Тайланд, Арабын Нэгдсэн Эмират, Вьетнам зэрэг 14 орон саналаа ирүүлснийг хэлэлцсэн юм.

 

2017 оны 04 дүгээр сарын 03. Даваа гараг:

БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Чун Се Кьюн Монгол Улсад туслахад бэлэн байгаагаа

УИХ-ын дарга М.Энхболдод илэрхийллээ

ОУПХ-ны 136 дугаар чуулганд оролцож буй БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Чун Се Кьюн Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдтой уулзах үеэрээ “Хоёр орны харилцаа бүх салбарт амжилттай хөгжиж байгаад сэтгэл хангалуун байдаг. Өндөр өсөлттэй байсан Монголын эдийн засагт хүндрэл тохиогоод буйг бид сайн мэдэж байгаа. Найрсаг харилцаатай, найрамдал нөхөрлөлөөр холбогдсон, ойр дотно түншийн хувьд БНСУ энэхүү хүндрэлийг даван туулах чиглэлээр Та бүхэнд туслахад бэлэн байна” гэж мэдэгдлээ.

УИХ-ын дарга М.Энхболд “Төр, засаг тогтвортой байх боломж өнгөрсөн сонгуулийн дүнгээр бүрдсэн. Тиймээс эдийн засгийн хүндрэлийг богино хугацаанд даван туулж чадна гэдэгтээ бид итгэлтэй байна. Бид ОУВС-тай урьдчилсан тохиролцоонд хүрч, хөтөлбөр хэрэгжүүлэхээр тохироод байгаа. Энэ хөтөлбөрийн хүрээнд БНСУ санхүүгийн тусламж үзүүлэхээр болсонд талархаж байна” гэв.

 

ОУПХ-ны Парламентчдын хүний эрхийн хороо С.Зоригийг хөнөөсөн хэргийг мөрдөн шалгаж буй асуудлыг хөндөв

Санжаасүрэнгийн Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийг илрүүлэх, шүүн таслах үйл явцад ОУПХ-ны Парламентчдын хүний эрхийн хороо анхаарал тавьж, хуралдаанаараа ярилцлаа. Ярилцлагад Монгол Улсын парламентыг төлөөлөн УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Д.Сумъяабазар нар оролцов.

 

АНЭУ-ын Холбооны үндэсний зөвлөлийн дарга, хатагтай Амал Абдулла Аль Кубаиситай уулзлаа

Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболд ОУПХ-ны 136-р чуулганд оролцож буй Арабын Нэгдсэн Эмират Улсын Холбооны үндэсний зөвлөлийн дарга, доктор Амал Абдулла Аль Кубаиситай уулзлаа.

Хатагтай Амал Абдулла Аль Кубаиси “Хоёр орны хамтын ажиллагааг өргөжүүлэх, илүү үр ашигтай болгох чиглэлээр Монгол Улсын Их Хурлын дарга Таны гаргаж буй хүчин зүтгэлийг бид өндрөөр үнэлдэг” гэж үгийнхээ эхэнд онцлов. Тэрбээр Эмиратын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд биечлэн анхаарч, Эдийн засгийн асуудал хариуцсан сайд болон холбогдох албаны хүмүүст чиглэл өгье. Түүнчлэн Монголын бизнесийн төлөөлөгчид Эмиратад ирж, манай хөрөнгө оруулагчидтай яриа хэлэлцээ хийгээсэй гэж хүсэж байна гэв.

 

Шведийн парламентын спикер Урбан Алин: Шведийн монголчуудын хувьд Та санаа зовох хэрэггүй.

Шведийн олон улсын хамтын ажиллагааны байгууллага SIDA-гийн шугамаар Монголын 200 гаруй төрийн албан хаагч танай оронд очиж сургалтад хамрагдаж байсан. Би тэдний нэг. Энэ мэт үр ашигтай, өгөөжтэй төслүүдийг хамтран хэрэгжүүлэх, худалдаа эдийн засгийн бусад салбарын хамтын ажиллагааг илүү идэвхтэй хөгжүүлэх боломж хоёр оронд бий гэж Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд Шведийн Вант Улсын парламентын спикер Урбан Алинтай уулзахдаа хэллээ.

Ноён Урбан Алин, манай Худалдааны яамны Төрийн нарийн бичгийн дарга хэдхэн хоногийн өмнө сэргээгдэх эрчим хүч, уул уурхайн салбарт хамтран ажиллах асуудлыг судлахаар Монголд очсон. Хоёр орон болон хоёр хотын харилцааг гүнзгийрүүлэх, боловсрол, соёлын салбарт хамтран ажиллах асуудлаар санаа тавина гэдгээ амлаж байна. Үр дүнгийн талаар танд эргэж мэдээлье гэж тэрбээр хэлэв.

 

УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

SHARE