Б.Ганхүү: ОХУ-д түймэр унтраагаад явж байхдаа эх орноос минь өгөгдсөн итгэл найдвар юм байна гэж бахархаж явсан шүү

  “Амжилт дагуулах 8 асуулт” булангийн энэ удаагийн зочноор Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын орлогч, урьдчилан сэргийлэх тасгийн дарга, дэд хурандаа Б.Ганхүүг урилаа. Тэрбээр 1995 онд Говьсүмбэр аймгийн Гал түймэртэй тэмцэх албанд гал сөнөөгчөөр ажлын гараагаа эхэлж, эдүгээ 26 дахь жилдээ үүрэг гүйцэтгэн ажиллаж байна. Энэ хугацаанд Сэлэнгэ аймгийн Гал түймэртэй тэмцэх хэлтэст Гал түймрийн улсын хяналтын байцаагч, техник багаж тоног төхөөрөмж хариуцсан инженер, Мандал сум дахь Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн захирагч, Дархан-Уул аймгийн онцгой байдлын газрын орлогч, урьдчилан сэргийлэх тасгийн даргын албан тушаалыг  тус тус хашиж байсан юм.

    -Та өглөөг хэрхэн эхлүүлдэг вэ?

Өглөө бүрийг өмнөх өдрийн мэдээлэл, рапорттой танилцан тухай өдрийн Шуурхай удирдлагын зохицуулагч, ангийн дарга нарт үүрэг чиглэл өгснөөр л ажлаа эхлүүлдэг. Харин шинэ долоо хоногийн даваа гараг бүрийн өглөө Онцгой байдлын газрын нэгдэлт, жагсаалыг хүлээн авч, төрийн далбаагаа мандуулан төрийн дууллаа дуулсанаар эхэлдгээрээ онцлог юм байна.

-Хүний сонирхол хязгааргүй. Таны хувьд амьдралдаа хийж үзэх юмсан гэж хүсдэг зүйл байдаг уу. Яагаад?

Багаасаа л үндэсний бөх, чөлөөт бөхөөр сонирхон хичээллэдэг байлаа. Цэрэгт байхдаа  хүртэл тамирчин байлдагчаар алба хааж, халагдаж ирээд сум, аймгийн наадамд зодоглож явлаа. /инээв/ Барилддаг байхдаа улсын цол авахыг хүсэж мөрөөддөг байсан ч энэ маань биелээгүй. Гэхдээ үндэсний бөхөөр барилддаг, сонирхдог алба хаагчдаа дэмжиж, улмаар шавь нараасаа улсын цолтон төрүүлэхийг зорьж байна.

  -Та өөрийнхөө бодсоноор амьдарч чадаж байна уу, эсвэл?

Өөрийн гэсэн эзэмшсэн мэргэжилтэй, бахархам сайхан албанд үүрэг гүйцэтгэдэг. Нөгөө талаар амьдралын минь утга учир болсон сайхан гэр бүлтэй. Ам бүл дөрвүүлээ. Хань минь боловсролын салбарт ажилладаг. Хоёр хүү маань оюутан.  Энэнээс өөр хүний амьдралд хүсээд байх зүйл юу байх вэ.

Нас, насны мөрөөдөл өөр байдаг гэх нь бий. Таны мөрөөдлийн өнгө хэр өөрчлөгдсөн бэ?

Миний өвөө тухайн үеийн НАХЯ-д газрын дарга, хурандаа цолтой хүн байлаа. Өвөөгийнхөө замналыг үргэлжлүүлнэ, цэргийн хүн болно гэсэн мөрөөдлөө биелүүлсэн. Гал сөнөөгчөөр ажлын гараагаа эхэлсэн ч офицерийн бүрэлдэхүүнд орж ажиллах хүслээ Цагдаагийн дээд сургуульд суралцаж олж авсан бол ахиж дэвшиж ажиллах хүсэл сонирхлоо ОХУ-д суралцсанаар биелүүлсэн түүхтэй. Мөрөөдлийнхөө төлөө зүтгэж чадвал, олны дэм тус, гэр бүл, хамт олны дэмжлэгээр бүх зүйл бүтдэг л гэж боддог. Бас нэг хобби бий. 2009 оноос хойш гал унтраах зориулалтын автомашин, техник хэрэгслийн модель цуглуулах сонирхолтой болсон. Анх Мандал сумын Түнхэл тосгонд түймэр унтрааж яваад галын машинаар тоглож байгаа хүүхэд хараад тэр машиныг нь  дэлгүүрээс авсан шинэ цагдаагийн машинаар сольж авч байлаа.  Түүнээс хойш гадаад, дотоод албан болон амин ажлаар явахдаа гал унтраах автомашины сувинер сонирхон худалдан авч баяжуулсаар одоогийн байдлаар 60 гаруй тооны цуглуулгатай болсон байна.

-Удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг өөрийгөө харуулах боломж гэж хүлээж авдаг хүн амжилтад хүрдэг гэсэн үг бий. Энэ тухай таны бодол?

Удирдлагаас өгсөн үүрэг даалгаварыг надад итгэж өгсөн итгэл, хариуцлага гэж ойлгодог. Итгэж хариуцуулсан ажлыг албаны төлөө чанартай сайн гүйцэтгэхийг цаг ямагт хичээдэг. Надад өгөгдсөн хамгийн том ажил бол Монгол улсын Засгийн газар, Онцгой байдлын ерөнхий газрын даргаас 2015 оны 09 дүгээр сард ОХУ-д гарсан ой, хээрийн түймрийг унтраах Онцгой байдлын албаны алба хаагчдаас бүрдсэн бүлгийг ахалж явах үүрэг байлаа. Энэ үүргээ баг хамт олноороо амжилттай биелүүлсэн. Тэр олон залуусыг удирдаад ОХУ-д  түймэр унтраагаад явж байхдаа эх орноос минь өгөгдсөн итгэл найдвар юм  байна гэж бахархаж явсан шүү.

   -Магтаал, шүүмжлэл хоёрын аль нь таныг “хурцалдаг” вэ?

Магтаал бол цэргийн хүнд зохихгүй гэж боддог. Хайр нь дотроо хал нь гаднаа гэдэг үг байдаг даа. Хүний алдааг засаж, залруулах боломжийг шүүмжлэл өгдөг гэж ойлгодог. Шүүмжлэлийг зөвөөр хүлээн авч, ажил хэрэг болгож явах нь чухал.

Аз жаргал бидэнд хэр ойр оршдог бол?

Бидний эргэн тойронд буюу хүн бүрийн дотоод сэтгэлд байдаг зүйл. Учир нь аз жаргалаа өөрсдөө бүтээдэг шүү дээ. Ажлаасаа буугаад гэртээ ирэхэд гэр бүлийнхэн маань халуун дулаан уур амьсгалтай байвал ажил дээрээ амжилт гаргах нэг үндэс болдог. Гэр бүл аз жаргалтай, эрүүл энх байвал тэр хамгийн том аз жаргал гэж ойлгодог.

-Таны бахархал?

Онцгой албандаа 26 дахь жилдээ ажиллаж байна. Бахархалт сайхан албаа найз нөхөд, нутаг усныхаадаа таниулж, аврал эрсэн хүн бүхэнд гараа сунгах гэгээн үйлсэд хүчин зүтгэж байгаадаа талархдаг.  Албандаа дурлах хэрэгтэй гэж хэлэх дуртай. Бидний алба сэтгэл зүрхээ зориулж, шингээсэн бүхэн хүнд баяр баясал, урам зориг, итгэл найдварыг бий болгодог.

Эх сурвалж: “Онцгой мэдээ” сонин

SHARE