Хонгконгт эсэргүүцлийн жагсаал цуглаан дахин сэргэв

Хонгконгт хэдэн сарын турш коронавирусын цар тахлын үеэр намжаад байсан эсэргүүцлийн жагсаал цуглаан өнгөрсөн ням гаригаас дахин сэргэж, цагдаа нар өчигдөр тус хотын хэд хэдэн дүүргээс 300 гаруй жагсагчийг саатуулсан тухай “ВВС” агентлаг мэдээлж байна.

Хонгконгийн Монгкок дүүрэгт жагсагчид замын болон метроны хөдөлгөөнийг зогсоох оролдлого хийсэн ба саатуулагдсан зарим хүнээс шатах бодистой лонх, бусад аюултай эд зүйл илэрчээ.

Жагсагчид Хонгконгийн Хууль тогтоох зөвлөл БНХАУ-ын төрийн дууллын тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэлснийг эсэргүүцэж байгаа аж. Хуулийн төсөлд БНХАУ-ын төрийн дуулал болох “Сайн дурынхны марш”-ийг доромжилсон тохиолдолд 50 мянга хүртэл Хонгконг доллар(6450 ам.доллар)-ын торгууль, гурван жил хүртэл хорих ял оноох заалт орсон юм байна.

Энэхүү заалтыг ардчиллыг дэмжигчдийг шийтгэхэд ашиглана хэмээн сэжиглэн эсэргүүцэх болжээ.

Эх сурвалж: news1.mn  Б.Төгсөө

 

SHARE