Вухан хотын удирдлага коронавирусын тахлын хэмжээг нуун дарагдуулж байжээ

БНХАУ-ын Вухан хотын удирдлага коронавирусын цар тахлын бодит хэмжээг эхэндээ нуун дарагдуулж байсан тухай тус улсын Засгийн газрын коронавирустай тэмцэх газрын тэргүүн зөвлөх Жун Наншан “CNN” телевизэд ярилцлага өгөхдөө мэдэгдсэн байна.

Жун Наншан Вухан дахь коронавирусаар халдварлагсдын тоо 10 хоногийн хугацаанд өсөлгүй нэг түвшинд байсан нь түүнд хар суулгажээ. Учир нь тэр үед цар тахал эрчээ аван БНХАУ-аас хальж эхлээд байсан аж.

Жун Наншан нэгдүгээр сарын 18-нд коронавирусын цар тахлыг газар дээр нь судлахаар Вуханд ирэхэд тус хотын эмч нар бодит нөхцөл байдал албан ёсны мэдээллээс хавьгүй муу буйг анхааруулжээ. Тэрээр хотын удирдлагаас үнэн тоо баримт нэхэхэд нэлээд цааргалж байж өгсөн аж.

Вухан хотын удирдлага коронавирус хүнээс хүнд халддаггүй гэж мэдэгдсээр байхад Жун Наншан Хятадын төв телевизээр (CCTV) хамгийн түрүүнд нэгдүгээр сарын 20-нд аюулт тахал хүнээс хүнд халддагийг анхааруулжээ.

Б.Төгсөө

SHARE