Мексикт хуурамч архинд хордон 100 шахам хүн амь насаа алдав

Мексикт ээж нарын баярын үеэр олон арван хүн хуурамч хямд архинд хордон амь насаа алдсан тухай “АР” агентлаг мэдээлж байна. Сүүлийн хоёр долоо хоногт тус улсын дөрвөн мужид архинд хордон нийтдээ 100 шахам хүн нас баржээ.

Пуэбла мужид 20 гаруй хүний аминд хүрсэн байж болзошгүй 200 гаруй литр гар хийцийн архи хурааж авсан аж. Морелос мужид 29 хүн ээж нарын баярын үеээр буюу өнгөрсөн бямба, ням гаригуудад хууль бус архи худалдаалах цэгүүдээс авсан архинд хордон нас баржээ.

Халиско мужид архинд байсан метанол бодист хордсон 27 хүн амь үрэгдсэн байна. Мөн Юкатан муж дахь майя овгийнхны дунд олон хүн архинд хордон сохорсноос долоо нь эмнэлэгт нас барсан аж.

Олон хүний аминд хүрсэн хуурамч хямд архи үйлдвэрлэгчдийг илрүүлэх мөрдөн байцаах ажиллагааг Мексикийн төв болон мужийн хуулийн байгууллагууд хамтран явуулж байна.

Б.Төгсөө

SHARE