“The New York Times” ОХУ коронавирусаар нас барагсдын тоог бууруулсан гэх нийтлэлээ үнэн гэв

АНУ-ын “The New York Times” сонинд гарсан ОХУ коронавирусаар нас барагсдын тоог зориудаар 70 гаруй хувиар бууруулан мэдээлж буй тухай нийтлэл үнэн гэдгийг тус сонины мэдээлэл харилцааны дэд ерөнхийлөгч Даниэл Роудс Хе “ТАСС” агентлагт илгээсэн электрон захидалдаа мэдэгджээ.

Тэрээр бичихдээ, “Манай сонин худалд хуурмаг зүйл нийтлээгүй, тодорхой албан ёсны тоо баримт, албаны хүмүүстэй хийсэн ярилцлага дээр үндэслэн нийтлэлээ бичсэн гэдэгт эргэлзэхгүй байна” гэжээ.

Үүнээс өмнө ОХУ-ын Гадаад хэргийн яам “The New York Times” сониноос худал мэдээлэл цацсанаа залруулахыг шаардсан билээ. Нийтлэл гарсны дараахан ДЭМБ-ын ОХУ дахь тусгай төлөөлөгч Мелита Вуйнович тус улсад коронавирусаар нас барагсдын тоог зориудаар бууруулан мэдээлж буй тухай баримт илрээгүй гэсэн юм.

ОХУ коронавирусаар халдварлагсдын тоогоор дэлхийд АНУ-ын дараа хоёрт бичигдэх болсон бөгөөд одоогийн байдлаар тус улсад 242271 хүн өвчилж 2212 хүн нас бараад байгаа билээ.

Б.Төгсөө

SHARE