Арчаагүй муу Номтойбаяр

Ардын намын гишүүн Номтойбаяр нам нь нам ялагдсан 2012 онд Дорнодод нэр дэвшээд суудал авчирч байв. 2016 онд дахиад нэр дэвшиж Ардын намын 65 “бор халзан төлөг” ялахад нэг нь болж бас орж ирсэн.

Нам нь цөөнх байхад Ардын намын бүлгийн дэд дарга хийж, олонхтой хэл амаа ололцох гэж бужигнуулж явсан. Ардын нам олонх болсон Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар ажиллаж бодлого сэлт нэлээдийг хийсэн нь одоо эхнээсээ хэрэгжээд ажил хэрэг болж байгаа нь харагдаж л байна.

Дөчөөдхөн насандаа УИХ-д хоёр удаа сонгогдчихов.

Гэвч хоёр дахь бүрэн эрхээ тэр дуусгасангүй. Улсын ерөнхий прокурорын санал улс төрийн шинжтэй орж ирж, мань эр өөрөө өргөдлөө өгч, алинаар нь ч юм УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдсөн. Энэ маргаантай үлдсэн. Эрхэм гишүүд ч учрыг нь сайн олоогүй л байгаа гэх юм билээ.

Ямартай ч Номтойбаяр гэдэг гишүүн 2020 оны эхнээс чуулгандаа суулгүй сул чөлөөтэй явах болсон. Тэгж тэгж сая УИХ-д бие дааж нэр дэвшихээр гарч ирлээ.

Ерөөс Номтойбаяр сонирхож хичээллэдэг авто спорт шигээ хүн, эсвэл Дорнод нутгийн хаагуу саагуу буриад, бүр хэний ч үгийг авдаггүй  зөрүүд эр, бас гудиггүй шулуухан залуугийн алин болохыг таахын арга алга.

Ингэж хэлсний учир бий.

Өнөөгийн цөвүүн цагийг хэн хүнгүй л мэдэрч байна. Бөмбөрцгийг нөмөрсөн коронавирус биш Монголыг тэвэрсэн өс хонзонгийн “тахал” нэгэнт тархжээ.

Ялангуяа Монголын улс төрд өдөр бүр өрнөж байгаа үйл явдлаас тодорхой ойлгож болно.

Яг ийм байдлаар Номтойбаярыг чиглэсэн улс төрийн аянга олон удаа ниргэсэн дээ. Эцгийнх нь байгуулсан компаниар дарамталж шоглоно. Гэр бүлийнх нь “нийгмийн байдал”-аар дайруулж адална. Өөрийнх нь чанараар өөнтөглөнө.

Ядахад Номтойбаяр муугаа нуудаггүй туучий юм. Улс төр бараадсан бүхий л эрчүүдэд байдаг жижиг сажиг асуудлыг яриад байгаа нөхдүүдтэй эвтэйхэн яриад амыг нь барихаа мэдэхгүй.

Намын дарга, Ерөнхий сайд хүнтэй хамаа намаагүй хэрэлдэнэ, хэлцэнэ. Алтанхуягийг Ерөнхий сайд байхад Дорнодоо яриад л зууралдчихдаг байв. Хүрэлсүхийг Ерөнхий сайд болоход хэлснээ хамгаалаад үзчихээд байсан.

Эцэст нь юу болов?

Тэдгээр том дарга нарын ард Номтойбаярыг мохоочих, “суулгачих” хүсэлтэнгүүд яаж тачаадаж байгааг тэр өөрөө мэдэж л байгаа.

Гэлээ гээд очиж наалдаад, найрамдаад, найрлаад суух ухаан Номтойбаяраас гарсангүй.

Бусад хүмүүс тэгж болоод л байна.

Яалгаж ч байсан нам чимээгүй. Юу ч болоогүй юм шиг тэвчихээ тэвчиж, хүлцэхээ хүлцээд явж л байна. Болоод л байна.

Хэрвээ Номтойбаяр аятайхан байж, амаа барьж, хэлээ хазаад, арга эвийг нь олоод явж байсан бол  өдийд УИХ-ын гишүүн хэвээрээ, их ярих юм бол буцаад Хөдөлмөрийн сайд болчихсон л яваа.

Тэгтэл адарсаар байгаа, зүтгэсээр зөрүүдэлсээр байгаад намаасаа хасагдаж, УИХ-ын гишүүнээсээ сугарчихаад, одоо намгүй нэг нөхөр Хан-Уулаас бие дааж нэр дэвшээд явж байна.

Өөр рүү нь ямар дайралт ирэхийг, ямар хүчтэй улс төрийн хүчин, ямархуу  мөнгөтэй компани түүнийг сөрөхийг мэдэж л баймаар юм, уг нь. Ёстой мөнгөөр бороо оруулж байгаад “ална” шүү дээ.

Ингээд харахаар Номтойбаяр гэж үнэхээр арчаагүй эр юм.

Иргэн Н.Батдэлгэр

SHARE