Зохиолч эмэгтэй Жоан Роулингийн амжилтад хүрсэн түүхээс

Залуу шидтэн Харри Поттерийн тухай анхны ном гарахын өмнө хэвлэн нийтлэгчид зохиолч эмэгтэйг бүтэн нэрээ товчилж J.K.Rowling гэж бичихийг хүссэн гэдэг. Эмэгтэй хүний бичсэн номыг эрэгтэй уншигчдын дийлэнх нь худалдан авахгүй гэж бодсон учраас л тэр. Гэвч Хогвартсын ид шид, илбийн сургуулийн нүүрэндээ сорвитой хүүгийн адал явдлын тухай ном хэдэн сая хувиар борлогдон бестселлер болсны дараа зохиолч нь эмэгтэй эсэх хэнд ч хамаагүй болсон юм. Уншигчдын үргэлжлэлийг л хүсэн хүлээх болжээ.

 

Жоан Роулинг багаасаа бичих дуртай байжээ. Тэрээр тавхан насандаа охин дүүгийнхээ гуйлтаар ноён Туулай, хатагтай Зөгийний тухай анхны үлгэрээ бичжээ. Бага сургуульд байхдаа л дуртай хичээлүүд нь уран зохиол, англи хэл гэдгийг ойлгож, багш нар нь ч түүний чадварыг үнэлэн ангийнхаа өмнө өгүүллэгүүдээ уншихыг хүсдэг байжээ.  Гэвч Жоан Роулинг бүрэг ичимхий хүүхэд байсан ба нэг ангийнхан нь түүнийг өөрийн уран зөгнөлт ертөнцдөө амьдардаг, дэвтэртээ үргэлж ямар нэг юм бичдэг охин байсан гэж дурсдаг ажээ.

Жоаныг 15 нас хүрэхэд ээж нь склероз тусч арван жил өвчинтэй тэмцсэний эцэст тэнгэрт хальсан нь түүнд хүндээр тусчээ. Хожим Америкийн телевизийн алдарт хөтлөгч Опра Винфригийн нэвтрүүлэгт оролцохдоо тэрээр, “Ээж минь намайг зохиолч болсныг мэдэж амжаагүйд би хамгийн ихээр харамсдаг. Би түүнд Харри Поттерийн тухай ярьдаггүй байв. Гэвч Харри Поттер түүнд заавал таалагдах байсан” гэжээ.

Ээжийгээ өөд болсны дараа Жоан амьдралаа шинээр эхлэхээр шийдэн Португалд англи хэл заахаар явж анхны нөхөртэйгөө танилцав. Хуримаа хийснээсээ хойш жилийн дараа залуу хос Жессика охинтой болжээ. Гэвч үүнээс хэдхэн сарын дараа нөхөр нь нялх хүүхэдтэй Жоаныг гэрээсээ хөөсөн аж.

Мөнгөгүй, ажилгүй, эр нөхөргүй болсон эмэгтэй эх орондоо эргэн ирэв. Нэр алдарт хараахан хүрээгүй, хэн ч мэдэхгүй Жоан Роулинг ёстой л амьдралын ёроолд хүрч, 70 стерлингийн паундын тэтгэлэг нь түрээсний жижигхэн байр, хамгийн хямд хоол авахад арай гэж хүрдэг байжээ. Тэр үеийнхээ тухай Жоан Роулинг дурсахдаа, “Би өөрийгөө энэ хорвоогийн хамгийн бүтэлгүй хүн гэж үзэж байв” гэсэн нь бий.

 

Гэр бүл салалт нь сэтгэлээр унахад хүргэсэн ч чухам тэр үед Поттерийн үлгэрийн ертөнц дахь хүнээс аз жаргалын мэдрэмжийг сордог дементоруудын дүр төрх ой тоонд нь бүрэлджээ. 2006 онд “The Telegraph” сонинд ярилцлага өгөхдөө тэрээр үхэл болон үхлээс айх явдал Харри Поттерийн номуудын түлхүүр болсон гээд гол дүрийн баатрын эцэг, эх амь үрэгдсэнээр ном эхэлж, Волан Де Мортын өнөд мөнх болох цуцашгүй хүслээр тэтгэгдэн үргэлжилдэг гэж ярьжээ.

Тэгвэл өдгөө алдарт зохиолчид минутад дор хаяж 77 паунд стерлинг буюу 120 ам.долларын орлого орж ирдэг байна. Тэрээр цуврал номынхоо эрхийг худалдахаас гадна зохиолуудыг нь кино дэлгэцнээ буулгах, түүний зохиосон баатруудын дүрс бүхий янз бүрийн бараа бүтээгдэхүүнээс хувь хүртдэг ажээ. Зохиолч эмэгтэй Харри Поттерын адал явдлаар нэг тэрбум гаруй ам.доллартай болсон нь Жон Р.Толкиэний хоббитуудын тухай номуудаараа олсон орлогоос хоёр дахин их юм.

Иймээс ч Жоан Роулингийн “Харри Поттер ба философийн чулуу” гэх анхны номыг 12 хэвлэлийн газар голсны эцэст “Bloomsbury” хэвлэлийн газар ердөө 1500 паунд стерлинг буюу 2300 ам.долларын урьдчилгаа мөнгө төлөн 1000 хувь хэвлэж, үүнээс 500-г номын сангуудад үнэгүй тараасан гэхэд өдгөө итгэхэд бэрх. Номын эхийг хянан тохиолдуулсан редактор Жоан Роулингийг өрөвдөөд зөвлөхдөө, хүүхдийн ном улам бүр муу борлогдох болсон тул ямар нэг ажилд орох нь дээр гэжээ.

Гэвч нөхрөөсөө салаад удаагүй, дөнгөж ой хүрсэн охинтойгоо тэтгэмжээр амьдардаг зохиолч эмэгтэйд энэ нь анхны ялалт байлаа. Чухам тэрхүү цөөн тоогоор хэвлэгдсэн роман Их Британийн оны шилдэг хүүхдийн ном болсон юм. Удалгүй романыг АНУ-д хэвлэх эрхийг 100000 ам.доллараар худалдан авчээ.

Үүний дараа Жоан Роулинг Харри Поттерын адал явдлын үргэлжлэл дээр төвлөрч, 2004 он гэхэд Их Британийн хамгийн баян эмэгтэй болсон билээ. 2011 онд тэрээр уран бүтээлээрээ нэг тэрбум ам.доллар олсон дэлхийн анхны эмэгтэй зохиолчоор тодорсон юм.

Харри Поттерын тухай түүний цуврал номууд бүх цаг үеийн хамгийн их борлогдсон номын жагсаалтад Библийн дараа л орох болов.

Гэвч тэр цагаас хойш зохиолч эмэгтэй тэрбумтнуудын жагсаалтад дахин ороогүй ажээ. Учир нь долдугаар сарын 31-нд 55 нас хүрэх Жоан Роулинг орлогынхоо дийлэнх хэсгийг буяны үйлсэд, ялангуяа ядууралтай тэмцэхэд зориулдаг байна.

Тэрээр 2008 онд Харвардын их сургуулийн төгсөгчдийн өмнө үг хэлэхдээ, “Би та нарын насан дээр ядуу зүдүү байдлаас бус алдах вий гэдгээс хамгийн их айдаг байлаа. Гэвч алдаа, бүтэлгүйтэл зайлшгүй тул түүнээс айх хэрэггүй гэдгийг ойлгосон юм. Нэг ч хожигдолгүй амьдрана гэдэг бүтэшгүй зүйл. Хэт болгоомжтой амьдардаг нэгэн л алддаггүй байх. Гэвч тийм амьдрал өөрөө тэр чигтээ алдаа юм шүү” гэжээ.

Б.Төгсөө news1.mn

SHARE